Хэрэгт холбогдсон нэгэн эр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгдэгч, яллагдагчийн хүлээлгийн өрөөнд амиа хорлохыг завджээ. Өнгөрсөн даваа гарагт энэ явдал болсон бөгөөд дээрх шүүхийн Тамгын газрынхнаас энэ талаар тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.
Өөр эх сурвалжуудаас энэ талаар лавлахад “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг нь шилжээд байгаа яллагдагч М.М гэх залууг хавтаст хэрэгтэй нь танилцуулахын тулд өнгөрсөн даваа гарагт шүүхийн байранд хуяглан хүргэсэн. Улмаар шүүгдэгч, яллагдагчийн хүлээлгийн өрөөнд байхдаа тэрбээр шалны хагархай плитагаар өөрийгөө гэмтээж, амиа хорлохыг завдсан юм билээ. Түүнд эмч нар цөөнгүй оёдол тавьсан” гэсэн мэдээлэл өгөв.
Дээрх яллагдагчийн хувьд өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлсэн, өдгөө бусдын эд хөрөнгө хулгайлсан хэрэгт холбогдон, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа аж.
Бэлтгэсэн Г.Равжаа