ИНЕГ-ын албан тушаалтнууд хууль сахиулах байгууллагад шалгуулсан тохиолдол үргэлжилж буй. Тус газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбатыг бусдад давуу байдал бий болгон арилжааны нислэг нууцаар хийлгэсэн гэх үйлдэлд холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн сарын 22-ны дугаартаа мэдээлсэн. Тэгвэл АТГ-т шалгасан, ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтантай холбоотой нэг хэргийг шүүх дэнслэхээр болоод байна. Иргэний нисэхийн ерөнхий газар төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа Сэргээн засах амралтын газар Богд хан уулын Жаргалантын аманд үйл ажиллагаа явуулдаг. Тус амралтын газрын даргаар ажиллаж байсан Ж.Амарсүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон аж. Тэрбээр Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчиж, ямар ч тендер зарлалгүйгээр бэр дүүтэйгээ шууд гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас өндөр үнээр мах, махан бүтээгдэхүүн авч байсан хэрэгт холбогдсон гэнэ. АТГ-ынхны шалгалтаар нэг бус удаа буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2020 оны аравдугаар сарыг дуустал ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авах гэрээ 10 удаа хийж, 52 961.45 кг мах, махан бүтээгдэхүүн авсан нь тогтоогджээ. Үүний улмаас төрийн өмчит үйлдвэрийн газарт 369.4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчид дүгнэсэн байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тус шүүх Ж.Амарсүрэнгийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг өнгөрсөн сарын 27-нд товлосон ч түүний өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа