АНУ болон Европын зарим орноос мансууруулах бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан хилээр нэвтрүүлж худалдсан, хадгалсан хэрэгт холбогдсон Б.Батбаатар гэх залууд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сард олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан ХБНГУ-аас мансууруулах бодис хилээр анх нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш удаа дараа энэ үйлдлээ давтсан аж. Тухайлбал, АНУ-аас нэг төрлийн мансууруулах, Нидерландаас хоёр өөр бодис багагүй хэмжээгээр, Британиас бас өөр төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлж байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батбаатар олон улсын шуудан илгээмжээр найман удаа мансууруулах бодис хүлээж авсан нь тогтоогдсон аж. Түүний эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн тэрбээр хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь байрныхаа гадна “Ауди А6” загварын автомашиндаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан мансууруулах бодис хадгалж байгаад баригдсан юм.
Түүнчлэн дээрх үйлдлүүдээс гадна Испанид амьдарч буй З.Ануужин болон Б.Бат-Өлзий, Э.Золбадрал нартай хамтарч мансууруулах бодис борлуулж байжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард манай хууль сахиулагчид Испаниас З.Ануужингийн эхнэр Ц.Одцацралыг авчран цагдан хорьж шалгасан. Тэр эмэгтэйд холбогдох үйлдлийг аргалж өгнө, З.Ануужинтай холбоотой хар тамхины хэргийн материалуудыг устгуулна хэмээн Б.Батбаатар их хэмжээний мансууруулах бодис З.Ануу жингаас авч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн сав, “Мандала” хотхоны автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн нутаг дахь “MB” худалдаа, үйлчилгээний төвийн ариун цэврийн өрөөнд нууж байгаад залууст худалдсан нь тогтоогдсон гэнэ. Эдгээр үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 20.7-3.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлджээ.
Ташрамд дурдахад, дээр дурдсан Ц.Одцацралд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр өнгөрсөн наймдугаар сард шийдвэрлэсэн. НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.Одцацралд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэхээр болсон юм. Гэвч түүний өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өнгөрсөн сарын 28-нд хэлэлцэхээс татгалзсанаар эх орон руугаа хар тамхи илгээж байсан Ц.Одцацрал гэх эмэгтэйд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болоод байна.
Бэлтгэсэн Г.Равжаа