Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхбатыг анх ЖДҮХС-гийн гэх хэрэгт холбогдуулан 2018 оноос хууль сахиулагчид шалгаж, саяхан мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгажээ. Гэхдээ ЖДҮХС-гийн гэх хэргээс өөр үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Тэрбээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан 2018 оны есдүгээр сард Хуваарь батлах тухай тушаал боловсруулж, шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн байршил, санхүүжилтийн хэмжээг баталсан аж. Түүнээс хойш сарын дараа “Эрдэнэ дрийлинг” ХХК-тай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах гэрээ хийжээ. Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Байгаль орчны, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших ашиглах нийтлэг журамд заасан “Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахын өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ” гэх заалт, мөн “сум, дүүргийн ИТХ-аас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо (малчдын бүлэг)-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэж худаг, уст цэгийг шинээр гаргах, сонгоно” гэсэн заалтыг зөрчиж өөр газарт худаг бариулсан аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын Хар усан тохойд 35 000 ам метр газартай “Хаус констракшн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, иргэн Б.Т-ийн амины орон сууцын хашаанд 17.9 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй худаг гаргуулан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-нд мөрдөн байцаалтын 1132 хэрэгт хяналт тавьж, 182-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдгээрийн дунд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80, өмчлөх эрхийн эсрэг 66, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, авлигын 10, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурван хэрэг байгаа аж. Харин авлигын 10 хэргийн дотор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхбатын дээрх үйлдэл багтсан бөгөөд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа