Хан-Уул дүүргийн нутагт дахь “Ривер гарден” хотхонд оршин сууж буй БНХАУ-ын иргэнд халдаж, 1.2 тэрбум гаруй төгрөгийг нь дээрэмдэн, зугтсан хэрэг гарсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Цагдаагийнхан энэ хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, өчигдрийн 04.00 цагийн үед 24-38 настай Ө, Д, С, Б хэмээх дөрвөн залууг 32 настай Ц гэх эмэгтэйн хамтаар дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэд 13.30 цагийн үед өмнөд хөршийн иргэнийг орчуулагчийнхаа хамт гэртээ байхад нь халдаж, наалдамхай туузаар хүлээд мөнгийг нь авч, орон нутгийн сери дугаартай автомашин хөлөглөн зугтсан юм. ЭЦА, МБА, НЦУГ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрынхан дээрх сэжигтнүүдийг саатуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь нэгэн зогсоолд орхисон автомашины тээшнээс мөнгөө зургаан цүнхэнд хуваан нуусан байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэ талаар өчигдөр ЭЦА-наас мэдээлэл хийсэн бөгөөд тус албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоо “Гадаадын иргэн дээрэмдүүлсэн гэх дуудлагын дагуу үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогчийнхоос авсан байж болзошгүй мөнгөнөөс 848 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж БНХАУ-ын иргэн үнэхээр 1.2 тэрбум гаруй төгрөгтэй байсан уу, уг мөнгийг ямар эх үүсвэрээс авч, хэрхэн ашиглах гэж байсан бэ, гэмт хэрэг үйлдсэн залууст өөр хамтрагч байсан, эсэхийг тодруулахаар мөрдлөгөө үргэлжлүүлж байна.
Бидэнд олдсон мэдээллээр энэ хэргийг зохион байгуулагч нь М гэх, хятад хэлний орчуулагч бөгөөд түүний мэдээллийн дагуу гурав нь очиж хохирогчийг дээрэмджээ. Улмаар дээрэмдсэн мөнгөнөөсөө хэргийн нэг холбогдогч нь бусдад төлөх өрөндөө 200 сая орчмыг нь өгсөн байсныг хураан авсан гэнэ.
Бэлтгэсэн Г.Равжаа