Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчээс шалгаж эхэлжээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд удаагүй байна. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болно” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг тус газраас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Бэлтгэсэн Г.Орчлон