Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатлаа. Автобус шатаж буй мэдээллийг иргэд онцгойгийнхонд мэдээлснээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14.07 цагт ослын газарт очжээ. “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Үүнээс гадна энэ сарын 21-нд мөн зорчигчтой автобус шатсан хэрэг гарсан. Тодорхой хэлбэл, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан юм. “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байсныг онцгойгийнхон 10 минут ажиллан унтраасан байна.
Он гарсаар автобус шатсан долоо гарсан юм. Нийслэлийн удирдлага, тэр дундаа Нийтийн тээврийн үйлчилгээний газар автобусны парк шинэчлэлдээ анхаарах цаг нь хэдийн болсон. Автобус автобусаар нь иргэдээ шарж, шатаах гээгүй л юм бол нийтийн тээврийн аюулгүй байдалаа анхаарах шаардлагатайг олон нийт хэлж байна.