Энэ сарын 27-нд болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр сайжруулсан шахмал түлшний борлуулалт, хариуцлагын гэрээний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн утаа сүүлийн 10 хоногт эрс нэмэгдлээ. Өндөрлөг газраас харвал өтгөн утаатай, бас өмхий үнэртэй байна. Зарим хүмүүсээс "Орлого багатай иргэд шахмал түлш авч чадахгүйн улмаас автомашины дугуй шатааж байна" гэх мэдээлэл ирсэн. Нийслэлд үнэртэж байгаа өмхий утаа бол сайжруулсан түлшний утаа биш. Автомашины дугуй болон бусад хог шатаасны улмаас гарч буй утаа гэж би хардаж байна. Тиймээс хариуцсан албан тушаалтнууд ядуу, орлого багатай иргэдэд олгож буй сайжруулсан түлшний түгээлтийг хангаж ажиллах шаардлагатай" гэлээ.