Дэлхий дахинд цар тахал тархаад, манай улс хилээ хааж, тусгай үүргийн нислэг үйлдэж эхлээд хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн. Гэтэл өдий хүртэл тусгаарлах байрны асуудлуудаа ч шийдэж чадалгүй, шүүмжлэл дагуулсаар байна. Жил гаруйн өмнө л гадаадаас ирсэн иргэд “Тусгаарлах байр стандартын шаардлага хангахгүй байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт огт хийдэггүй. Тэр байтугай орны цагаан хэрэглэлийг ч угаадаггүй. Жоом, хулганатай. Хоол нь амт, чанар муутай” гэх зэрэг шүүмжлэл байнга дагуулсаар ирсэн. Тэгвэл эдгээр асуудал өдгөө ч гарсаар байна. Коронавирусийн омикрон хэлбэрийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадаас ирсэн иргэдийг энэ сарын 25-наас эхлэн гурав хоног тусгаарлахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний хүрээнд тусгаарлагдахаар болсон иргэдийг өвлийн хүйтэнд 10 гаруй цаг хүлээлгэсэн, байрлуулсан зочид буудал нь бохир заваан байна гэсэн асуудал гарах болов. Олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад эхлэнгүүт УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өчигдөр “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засаж залруулахаар ажиллаж буй. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээсээ уучлал хүсье” гэсэн юм. Уг нь УОК-оос саяхан л “Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 20 байранд нийт 1194 өрөө буюу 2191 ор бэлтгэсэн. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн зочид буудлуудыг тусгаарлах байрны зорилгоор ашиглаж буй. Байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, стандартыг хангуулсан” гэж мэдээлж байв. Гэсэн ч яг үнэндээ нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй.
Бэлтгэсэн М.Оч