Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа А.Гарамгайбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр мөрдөн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн байна. Хурандаа А.Гарамгайбаатарыг хоёр жилийн өмнө буюу 2020 онд АТГ-ынхан шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон голд хууль бусаар ашигт малтмал олборлосон аж ахуйн нэгжүүдтэй холбоотойгоор буруутган түүнээс гадна өөр нэг бус хүнийг шалгасан байдаг.
Ташрамд дурдахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авснаас тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 12 объектод нэгжлэг хийсэн гэнэ. Түүний нэг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан тушаалтан Төгсбаярт холбогдох хэргийг шалгах явцдаа харьяа хэд хэдэн байгууллагад нь эд мөрийн баримт цуглуулах зэрэг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа