Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) манай улсын нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг. Сүүлийн 10 жилийн турш уг өвчин тасралтгүй нэмэгдэн, эмч нарын санааг чилээж, эрх баригчдын чихнээс “хонх уясаар” ирсэн. Төр, засгаас өнгөрсөн хугацаанд үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлээд, кампанит ажил өрнүүлээд ч бууруулж чадаагүй бэлгийн замын халдвар өдгөө цар тахлын сүүдэрт “дарагдаж”, далд хэлбэрт шилжиж буй талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг албаныхан өглөө.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар 2010 онд улсын хэмжээнд бэлгийн замын халдварын 14 322 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2019 онд эл тоо 17 865-д хүрч, нэмэгджээ. Тодруулбал, 2010-2020 онд жилд дунджаар 14-16 мянган хүн “хормойн” өвчинд өртсөн байх юм. Энэ нь нийт халдварт өвчний тохиолдлын 20-40 хувийг эзэлсээр ирсэн дүн юм.
Тэгвэл цар тахал эхлэхээс өмнө буюу манайд хөл хорионы дэглэм анх тогтоож байх үед бэлгийн замаар дамжих эмгэг нийт халдварт өвчний 50-52 хувийг эзэлж, тархалт нь дээд цэгтээ хүрч байв. Өөрөөр хэлбэл, халдварт өвчтэй хоёр хүн тутмын нэг нь бэлгийн замын нян тээж, салбарын хэмжээнд харанга дэлдэж байсан нь саяхан. Гэтэл одоо БЗХӨ нийт халдварт өвчний тохиолдлын ердөө 1.5 хувийг нь эзэлж байна. Үүнд коронавирусийн тархалт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Энгийнээр тайлбарлавал, “Ковид-19”-өөр өвчлөгсдийн тоо олон байх тусам бэлгийн замын халдварын эзлэх хувь буурч тооцогдоно гэсэн үг.
Бодит тоон үзүүлэлтийг нь харсан ч Монголд коронавирус бүртгэгдсэн цагаас хойш бэлгийн замын халдвар тасралтгүй буурчээ. Тодруулбал, энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замын халдварын 8331 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харах боломжтой. Эдгээр нь жил бүр бүртгэгддэг бэлгийн замын өвчний нийт тохиолдлын 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт аж. Үүний 3341 нь нийслэлд оношлогдсон байна. Төрлөөр нь авч үзвэл, тэмбүү 10 мянган хүн тутамд 24-өөс 13, заг хүйтэн, 15-аас зургаа, трихомониаз 12-оос 5.6 болж цөөрчээ. Түүнчлэн өнгөрсөн жил ДОХ-ын халдвар авсан 25 хүн бүртгэгдсэн бол энэ оны эхний арван сард 12 тохиолдлыг л олж илрүүлсэн байх жишээтэй.
Цар тахал дэгдсэн өнгөрсөн хугацаанд бэлгийн замын өвчний сайн дурын шинжилгээ цөөрч, халдвар илрүүлж, эмчлэх үйл явцад асуудал тулгараад байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Албаныхан өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй байхад анхаарч, тандалт, судалгаагаа үргэлжлүүлэн хийсээр буйгаа хэлсэн. Гэвч шат шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлгийн замаар дамжих халдварын болон ХДХВ/ДОХ-ын тандалт, судалгааны нэгжүүдэд сайн дураараа хандах хүмүүсийн тоо эрс цөөрч, өвчин улам даамжирч, цааш тархаж байж болзошгүйг сэрэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн тархалтын эхэн, дунд үед иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байсан нь олон өвчнийг нууц үе рүү нь “илгээсэн” байхыг үгүйсгэхгүй ажээ. Энэ бол хүн төрөлхтөнд тулгарсан давагдашгүй хүчин зүйл бөгөөд үүнд хэн нэгнийг буруутгах нь зохисгүйг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Харин бид цаашид хэрхэн ёстой вэ. Бэлгийн замын өвчний илрүүлэг шинжилгээг өмнөх жилүүдийнх шиг сэргээн жигдрүүлэх, халдварыг газар авхуулахгүй байхад л өдгөө анхаарах шаардлагатай болжээ. Манайд БЗХӨ өмнө нь өгүүлсэнчлэн их тархсан, жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь ялангуяа залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд, цаашлаад удам угсаанд нь хүртэл сөргөөр нөлөөлөх аюултай гэдэгт эрх баригчид санал нэгдээд буй. Сарын өмнөхөн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг бэлгийн замын халдвартай хүмүүсийн олонх нь 20-34 насныхан байгаад эмзэглэж, энэ нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц түвшинд хүрснийг мэдээлсэн. Уг өвчин туссан хоёр хүн тутмын нэг нь гэрлэлтээ батлуулсан иргэн байгааг тэрбээр ХӨСҮТ-ийн тандалт, судалгаанд суурилан ярьсан юм. Тиймээс цаашид бэлгийн замын халдварын эсрэг нөлөөллийн ажлуудыг улам эрчимжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас үүнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэдгийг хэлсэн.
Бэлгийн замын халдварт өвчин цар тахлын нөлөөгөөр дан ганц манай улсад ингэж нуугдмал байдалд шилжсэн үү гэвэл, үгүй аж. Дэлхийн хэмжээнд “Ковид-19” дэгдсэнээс хойш бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын тоо 2020 оны гуравдугаар сараас хойш тухайн жил гэхэд л 51 хувиар буурсныг олон улсын эрдэмтэд судалж тогтоожээ. Тодруулбал, Оксфордын их сургууль, Испанийн Эпидемиологи, Нийгмийн эрүүл мэндийн судалгааны консорциум, Каталоны Бэлгийн замын халдвар ба ХДХВ/ДОХ-ын тархвар судлалын төв зэрэг байгууллагын эрдэмтдийн хамтран хийсэн “Бэлгийн замын халдварын тархалтад цар тахлын нөлөөлөл” сэдэвт судалгаа ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Тус судалгаанд өгүүлснээр улс орнуудад тогтоосон хөл хорионы эхэн болон дунд, сүүл үеэр бэлгийн замын өвчний тархалт 45-56 хувиар буурсан нь урьд өмнө нь тохиогоогүй хамгийн бага үзүүлэлт болжээ. Үүний дотор заг хүйтэн 72, тэмбүү 22 хувиар буурсан байна. Гэхдээ энэ нь дэлхий нийтээр бэлгийн замын халдвар буурсан гэсэн үг биш аж. Мэдээж хөл хорионы үеэр өвчний тархалтыг тодорхой хэмжээнд хумьсан ч нөгөө талаар илрүүлэг шинжилгээ цөөрсөн нь дээрх тоон үзүүлэлтэд голлон нөлөөлжээ.
Дэлхий нийтэд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд коронавирусээс бусад төрлийн эмнэлгийн үйлчилгээнд их хэмжээний доголдол, саатал гарсны наад захын жишээ бол бэлгийн замын халдварын илрүүлэлт багассан явдал гэдгийг “Бэлгийн замын халдварын тархалтад цар тахлын нөлөөлөл” судалгаанд онцолсон байна. Цар тахлын өмнө Европын Холбооны улс орнуудад уг өвчин 20 хүртэлх хувиар нэмэгдэж байсан бол “Ковид-19”-ийн оргил дэгдэлтийн үеэр 50 гаруй хувиар огцом буурсан нь судлаачдын дээрх таамаглалыг биелэхэд хүргэжээ. Тиймээс эдгээр баримтыг өнгөц дүгнэж, хууртвал бэлгийн замын халдвар өмнөхөөсөө ч илүү “цэцэглэж”, тархах эрсдэл нүүрлэж байгааг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд сэрэмжлүүлэв. Өөрөөр хэлбэл, цар тахал уг өвчнийг нуун дарагдуулж, далд хэлбэрт оруулсан гэжээ.
Олон улсад 20-24 насныхны дунд бэлгийн замын халдвар элбэг оношлогдож байгаа нь цаашлаад эмэгтэйчүүдэд ураг зулбах, аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин үүсгэх, ХДХВ-ээр өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байгааг Оксфордын их сургууль, Испанийн Эпидемиологи, Нийгмийн эрүүл мэндийн судалгааны консорциумаас анхааруулсан байна. Мөн тэд улс орнуудад хандан дараах уриалгыг гаргаад буй аж. Нэн тэргүүнд, цар тахлын үед бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын оношилгоо, үйлчилгээний чадавхаа бэхжүүлэх, тандалт, судалгаагаа өргөтгөх шаардлагатай гэв. Учир нь дэлхийн олонх оронд өдгөө оношлогдсон бэлгийн замын халдварын тоо нь илрүүлбэл зохих нийт тохиолдлын ердөө 28-40 хувь аж.