Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.
МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаан 12 дугаар сарын 29-нд уламжлал ёсоор явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэнэ.
Ташрамд сонирхуулахад, Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт /2021.12.24/ болж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод Улсын начин Г.Ганжад, Цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.