Эрүүл мэндийн яам, Монголын үндэсний музейнхэн өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг илтгэсэн, дахин давтагдашгүй үнэт зүйлс, баримт материал зэргийг Монголын үндэсний музейд хадгалуулахаар болов. Улмаар эрүүл мэндийн холбогдолтой үзмэрүүдээр музейн сан хөмрөгийг баяжуулж, тэдгээрийг олон нийтэд таниулан сурталчлах боломж бүрдэхийг талууд онцоллоо. Цаашлаад музейд эрүүл мэндийн салбарын түүхийг илтгэн харуулах тусгай сан хөмрөг ч бий болгох боломжтой гэнэ. Үүний хүрээнд ЭМЯ-наас эхний ээлжид зарим түүхэн баримтыг музейд хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалын өвчний түүх, өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийлгэж байсныг нотлох дэвтэр музейн үзмэр боллоо. Тус яамныхан “Эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийг илэрхийлэх чухал баримт олон байдаг. Гэвч тэдгээр нь гар дамжин үрэгдэх, устах тохиолдол бий. Тиймээс цаашид түүхийн чухал баримтуудыг жил бүр музейд хүлээлгэн өгч, стандартын шаардлага хангасан орчинд хадгалуулахаар боллоо” хэмээсэн юм.