Зорчигч тээвэрлэн, үйлчилгээнд явж буй автобус шатсан тохиолдол энэ онд долоо бүртгэгдсэнийг НОБГ-аас мэдээллээ. Иргэдэд үйлчилж буй ихэнх автобус 12 жилээс дээш насжилттай, доод эд анги, эсвэл мотор нь амархан эвдэрдэг нь шатах шалтгаан болдгийг албаныхан онцлов. Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Механик инженер өглөө бүр автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг. Автобус осолдох нь тухайн өдөр шалгалт хийж байгаа хүний хариуцлагаас шалтгаална. Мөн автобусны ихэнх нь хуучирч, муудсантай ч холбоотой” гэлээ.
Нийслэлд 1200 автобус бүртгэлтэй байгаагаас 970 нь үйлчилгээнд явдаг бөгөөд, үлдсэнийг нь бэлэн байдалд хадгалж буй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг яаралтай ослын үед ашиглах аж.
Үйлчилгээнд ашиглаж буй дээрх автобусны 532-ынх нь ашиглалтын хугацаа ирэх онд дуусах юм байна. Дахиад ч задалбал, эдгээрийн 260 нь хувийн хэвшлийнх. Тиймээс 260 автобусаа хувийн хэвшлийнхэн, үлдсэнийг нь төр шинэчлэх ёстой гэсэн үг. Энэ дагуу ирэх онд 100 тэрбум төгрөгөөр 500 шинэ автобус импортолно гэдгээ албаныхан мэдэгдсэн. Тэр болтол нийслэлчүүд хугацаа нь дууссан, хуучин автобусуудаа осолдуулахгүй шиг арчилж, засварлаж, ашиглах юм байх. Юутай ч нийслэлийн иргэд ирэх онд шинэ цахилгаан автобусаар тухтай үйлчлүүлэхийн тулд нэг хэсэгтээ тэвчих хэрэгтэй болох нь.
Нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай ч түгжрэлийн улмаас төлөвлөсөн цагтаа амжиж үйлчилж чаддаггүй
Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан автобус нэг буудлаас нөгөө рүү явах зайг 5-10 минут байна хэмээн тооцоолжээ. Гэвч бодит байдал дээр дээрх тооцоолол хэрэгждэггүй, иргэд 20-30 минут хүлээж, автобусанд орсон хойгоо чихцэлдсээр байна. Хүрэлцээтэй гэх хэрнээ иргэд зундаа халж, өвөлдөө даарч хүлээн, автобусанд суусан хойноо чихэлдэж, шахцалддагийн учрыг тус газрын мэргэжилтнээс тодруулахад “Түгжрэлийн улмаас автобус 5-10 минутад дараагийн буудалдаа хүрч чаддаггүй. Түгжрэлгүй үед ихэнх нь асуудалгүй, товлосон цагтаа хүрдэг. Эл нөхцөл байдалтай уялдуулан бид тоог нь нэмэхээс өөр арга хэмжээ авч буй. Тодруулбал, ачаалал ихтэй дөрвөн чиглэлд уртасгасан цагаар буюу 05.30-00.30 цагт үйлчилгээ үзүүлэх, мөн гурван чиглэлд богино эргэлт хийх автобусыг үйлчилгээнд гаргасан. Ирэх жил 500 шинэ цахилгаан автобус оруулж ирнэ. Улмаар ачаалал ихтэй цэгт явах нийтийн тээврийн тоог нэмэх бодлого баримтлах байх” гэлээ.
Ерөнхийдөө хугацаа нь дууссан автобусуудыг ирэх жил шинэчлэх тул “Нийслэлийнхэн минь амиа аргалаад, үхчилгүй нэг жил тэсээрэй” гэх агуулгатай үг, өгүүлбэрийг уулзсан албаны хүн болгон хэлж байлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг шиг түгжрэл буурч, автобусанд чихцэлдэхгүй явах тэр өдөр дэндүү хол санагдаж байна. Мөн нийслэлийн ЗДТГ-ынхан ирэх оноос авто замын асуудлыг шийдэж, түгжрэлийг бууруулах, 8-10 жилийн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнд 7.1 их наяд төгрөг шаардлагатайг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулав. Энэ цогц хөтөлбөр үр дүнтэй байвал аз тохионо. Тооцоо, судалгаа дутуугийн улмаас замхран алга болбол бидний хохь болж, дараагийн 10 жилд ч нийтийн тээврийн “хэрүүлээ” хийсээр байх болно.