Олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан. Түүнийг прокуророос яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүхэд өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Улмаар шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэнэ" хэмээн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Мөн хохирогчийн өмгөөлөгч "Хохирогч арванхоёрдугаар сарын 18-нд Монгол Улсад ирсэн. Эмчилгээ хийлгэж байгаа. Зарим зүйлийг нэмж шалгах ёстой" гэсэн хүсэлт гаргажээ. Харин яллагдагчийн өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Гэм буруутай, эсэхтэй маргаагүй бөгөөд гарсан хохирлуудыг төлж буй. Одоогоор гурван тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Цаашид гарах хохирлыг ч төлнө. Үүнийгээ сайтар ойлгож, ухамсарлаж байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг хохирол төлөөгүй, шүүх шийдсэний дараагаар төлнө гэсэн нь худал. Тухайн үед хамт байсан бүх хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Шүүхээс албан ёсны мэдээллүүд гарна байх" гэв. Хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-нээс цагдан хориод байгаа билээ.