Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан ЭМЯ, Монголын Үндэсний музей хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэхүү гэрээгээр эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг илтгэсэн, ач холбогдол бүхий, дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлс, баримт материал, үзмэр, цуглуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалах, баяжуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой харилцааг зохион байгуулж цаашид “Эрүүл мэндийн салбар”-ын музейн сан хөмрөг бий болгох зорилготой ажээ.
Энэ үеэр Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ "Эрүүл мэндийн яамнаас манай музейд нийт найман үзмэрийг хадгалуулахаар өглөө. Тухайлбал Монгол Улсыг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал даргын өдрийн тэмдэглэлийг бидэнд хүлээлгэн өгсөн. Үүнийг бид "Социализм" танхимдаа байрлуулсан байгаа. Энэ хүртлэх хугацаанд эрүүл мэндийн салбарынхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлстээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр, орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ. Тийм учраас өнөөдөр ЭМЯ маань хичнээн олон асуудлыг даван туулснаа нотлох түүхийн үнэт үзмэрүүдийг энэ цаг үед бидэнд гардуулж өглөө" гэв.
Мөн эрүүл мэндийн салбарыг төлөөлж, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ, "Монголын эрүүл мэндийн салбарын зарим нэг гэрч болсон түүхийн үзмэрийг хүлээлгэн өглөө. Цаашид хамтран ажиллах гэрээнд эрүүл мэндийн салбарын ололт, амжилтыг нотлосон ховор нандин үзмэрийг байнга хүлээлцэж, хадгалуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Ингэснээр эдгээр үзмэрүүд гар дамжин алга болж үрэгдэхээс сэргийлж байгаа юм" хэмээлээ.