Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн нийтлэг үйлчилгээний журмын талаар тодрууллаа.
-Цар тахлын жилүүдэд худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарынхныг хотын удирдлага хэрхэн дэмжсэн бэ?
-Худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 74 хувь нь нийслэл хотод төвлөрч, нийт ажиллагсдын 81 хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. 2020, 2021 оны тухайд “Ковид-19” цар тахлын улмаас манай салбарынхан багагүй бэрхшээлийг туулж ирлээ. Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн хоол үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг нийслэлийн удирдлага баримталж ирснийг энд тодотгоё. Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт нийт 18 664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын улмаас учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс нийслэлийн зүгээс 17 чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Юун түрүүнд онцлох ажил бол Хариуцлагын гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээгээд явсан.
-Энэ салбарт ажиллагсдын дагаж мөрддөг нийтлэг үйлчилгээний журамд өөрчлөлт орж байгаа. Ямар өөрчлөлт орж байгаа болон шинэлэг зүйл заалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байна. Уг журмыг гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулсан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл өөрөө баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Шинэчлэн боловсруулж буй Нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа. Ая тухтай дэлгүүр гэсэн шинэ нэр томьёог журамд оруулсан. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтаасан. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулж байна.
-Нийтлэг үйлчилгээний журмаас гадна дагаж мөрдөх стандартуудтайгаа уялдуулж байгаа юу?
-Манай салбараас хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны стандартууд хамгийн сүүлд буюу 2019 онд шинэчлэгдсэн. Нийтлэг үйлчилгээний журмаа урьд өмнө мөрдөж буй болон шинэчлэгдэн батлагдсан стандартуудтай уялдуулан боловсруулж байгаа. Мөн иргэдээс санал авч байна. Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой.