УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцээд гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст ял шийтгээд буй билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой эвлэрэхгүй байгаа АН-ын төлөөлөл жагсаал, цуглаан зохион байгуулж, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүллээ хэмээж буй бол 15.3 сая гаруй төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, түүний хүү Б.Чулуудай нь “Миний аав ямар ч хэрэг хийгээгүй, прокурорын нотлох баримт хангалтгүй байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн.
Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл, Б.Чулуудай, А.Гантулга нарын мөнгө угаасан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон юм. Харин 2017 оны Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан”, 2002 оны мөн хуулийн 263.2-т заасан албан тушаалаа урвуулан ТОСК-аас мөнгө гаргуулж “Бэрэн групп” рүү шилжүүлэн “Гранд лайн” ХХК-д давуу байдал олгосон нь нотлогдсон гэж шүүх дүгнээд нэг тэрбум 327 сая 800 мянган төгрөг Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас гаргуулан ТОСК-д олгохоор шийдвэрлэсэн билээ.
Хөгжлийн банкнаас ТОСК 35.5 сая ам.долларын зээл авч төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байв. Тухайн үед ТОСК “Буянт-Ухаа-2” орон сууцын төслийг хэрэгжүүлэхээр дээрх хэмжээний ам.долларын санхүүжилт авсан байсан юм. Э.Бат-Үүл тэр үед “Ажлаас хална” хэмээн ТОСК-ын захирал А.Гантулгыг дарамталж, хууль, журам, гэрээ зөрчүүлэн “Бэрэн групп” ХХК руу есөн тэрбум төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон билээ. Уг есөн тэрбумаасаа “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр 5.5 тэрбумаар нь Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийг худалдан авсан. Б.Чулуудай нь уг 5.5 тэрбум төгрөгийг зээлийн картынхаа төлбөр, хамаарал бүхий хүмүүсийнхээ үүсгэн байгуулсан “Утпала финанс” ББСБ-ын үйл ажиллагаа зэрэгт зарцуулжээ. Үүний улмаас ТОСК-д зээл, зээлийн хүү, алданги зэрэгт нийт 18.5 тэрбумын хохирол учраад буйг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон юм.
Өөрөөр хэлбэл, ТОСК есөн тэрбум төгрөгийн зээлийн хүүд хоногт 2.5 сая шахам төгрөг, алдангид 1.6 саяыг төлж буй. Сард 74.9 сая төгрөгийн хүү, 50.5 сая төгрөгийн алдангид төлж, өдгөө нийт бодит хохирол 18 тэрбум 660 сая гаруй төгрөг болоод байгаа аж. Энэ хүү алдангийг татвар төлөгчдийн мөнгө, зээлдэгчдийн төлбөрөөс төлж барагдуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгож болзошгүй юм.