УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Омикрон” хувилбарын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас “Омикрон” нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэсэн. Түүнээс хойш манай улсад 5,600 орчим иргэнийг шинжилгээн хамруулж хилээр нэвтрүүлээд байна. Гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь ПГУ шинжилгээ авч байна. Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо. Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм. Ирэх оны нэгдүгээр сараас томуугийн А,Б вирусийн дэгдэлт явагддаг үе. Энэ үеэр Омикроны дэгдэлт явагдвал нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. “Омикрон” манай улсад тархах нь цаг хугацааны асуудал” гэлээ.