Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр Монгол Улсыг зарласан байна. Учир нь манай улсад жилд 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас барсан тооцоо гарсан бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсэн хэвээр байгаа юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байгаа нь томоохон асуудал үүсгэж байна. Энэ оны эхний 9 сард 0-14 насны 213 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оноос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо 2 дахин буурч, улсын хэмжээнд бүртгэгдвэл зохих сүрьеэгийн шинэ тохиолдол зорилтот түвшинд хүрэхгүй байна.
Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар буурсан. Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь, сүрьеэ амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг.