Оросын цагдаагийн байгууллагын ажилтан хошууч Вадим Бурков хар тамхи наймаалагчидтай тэмцэж цөхрөөд өөрөө тэдний эгнээнд оржээ. Москва мужийн шүүх түүнд чанга дэглэмтэй шоронд 20 жил хорих ял өгөв. Нэгэн цагт Бурков хар тамхины бизнестэй тэмцэж, сурвалжлагч нарын асуултад хариулж, сурагчдад хар тамхины хор хохирлын талаар яриа таниулга хийж явав. Тэгснээ хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд урам нь хугарч, нэгэн танилтайгаа хар тамхины лаборатори байгуулжээ. Ингээд хар тамхи наймаалдаг болжээ. Түүний ажил алба бүхэлдээ хар тамхины эсрэг тэмцэхдээ холбоотой юм. 24 настайдаа Москва мужийн Хар тамхины үйлдвэрлэл, борлуулалтад хяналт тавих албанд орсноос хойш албан тушаал ахив, 2019 оны наймдугаар сард баривчлагдахаасаа өмнөхөн хошууч Вадим Бурков өөр ажилд шилжив. Өөрөөр хэлбэл, албан тушаал буурсан биш, захиргааны ажилтан байснаа шуурхай албанд орсон аж. Арван жилийн хугацаанд тэрбээр хар тамхины худалдааны зах зээлийг ялангуяа далд нууц сүлжээг нь сайн судалжээ. Түүнчлэн хамгийн гол нь хар тамхины наймаачдыг илрүүлэх, эрэн хайх шуурхай ажиллагааны онцлогийн талаар сайн мэдэх болсон байна. Тэгээд 2019 он арваннэгдүгээр сард өөрөө хар тамхи наймаалах сүлжээ байгуулахаар шийдэв. Мөнгө олох хүсэл түүнд их байлаа. Түүний хараанд Киевский гацааны Сергей Дулов өртжээ. Тэр хүн хими гайгүй сайн мэддэг нэгэн юм санж. Мань хоёр лабораторид хэрэгтэй төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хамгаалах баг, хувцас, хүчил хадгалах торх, бас бус юм худалдаж авлаа. Анхны бүтээгдэхүүнээ 2019 оны арваннэгдүгээр сарын 16-нд гаргажээ. Дэлгүүртэй ч болов. Цагдаагийн хошууч маань өөртөө “домогт” Пабло Эскобарын нэрийг хайрлажээ. Америкийн газар нутаг дээр Британийн анхны колонийг бий болгосон англи хүний нэрээр дэлгүүрээ “Жон Смитийн лаборатори” гэж нэрлэв.
Бурков энэ ажлаа цагдаагийн байгууллага дахь албатайгаа хослуулан амжуулж байлаа. Тэгэхдээ хар тамхитай холбоотой ажил үүргээ илүүд үзнэ. Бурков, Дулов нар ердөө хоёулхнаа ажиллана. Бүх ажлыг хошуучийн “Renault dust¬er” машинаар явж амжуулна. “Бараагаа” бөөнөөр худалдвал цагдаа нарын анхаарлыг татах магадлал ихтэй тул жижиглэн зарна. Түүний болгоомжлол зөв байснаас дэлгүүр нь хар тамхинд хяналт тавих газрынхны хараанд өртөхгүй байв. Гэлээ ч зохион байгуулалттай гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлах албаныхны анхаарлыг татахгүй байж чадсангүй. 2020 оны хоёрдугаар сарын 4-нд эндхийн ажилтнууд худалдан авагчийн дүрээр “Пабло Эскобар”-тай холбогдож таван грамм хар тамхи захиалжээ. Ийнхүү түүний араас ажиглалт хийснээр лаборатори нь хаана байдгийг тогтоож, 2020 оны хоёрдугаар сарын 12-нд гэмт хэрэгтнүүдийг баривчлав.
Бурков эхнээсээ л хэргээ хүлээхгүй байлаа. Хошууч Виталий Парастаевын ярьснаар мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулахад ямар ч оролцоогүй хэмээн мөрдөн байцаалтын үед ч, шүүх хуралд ч Бурков зүтгэсээр байжээ. Тиймээс түүний толгойг эргүүлж байж нөгөө лаборатори нь байгаа байшинд аваачиж чадсан байна. Хоёрдугаар сарын 12-нд энд 324 грамм хар тамхи үйлдвэрлэснийг шинжилгээгээр тогтоов. Цагдаагийн ажилтнуудтай хэдэн үг сольсны дараа Сергей Дулов мэдүүлэг өгч эхэллээ. Хэдэн цагийн дараа түүний гэрээс 344 граммаар савласан хар тамхи хурааж авав. Үүнийг нөгөө л “Скорость” гэж нэрлэсэн лабораторид бэлтгэсэн аж. “Бараагаа” Москва болон түүнтэй хил залгаа Калуга мужид борлуулдаг байжээ. Орлогоо тэгш хуваадаггүй, гуравны хоёрыг нь Бурков авчихдаг байж. “Ковид-19” хийгээд Бурковын идэвхтэй эсэргүүцлээс болж энэ хэргийг мөрдөн шалгах үйл явц нэлээд сунжирч 2021 оны нэгдүгээр сард л сая Москва мужийн шүүхэд ирсэн байна. Тэрбээр хар тамхины эсрэг тэмцэж яваад буруу зам руу орсон, хөрөнгөжихийг оролдсон цагдаагийн анхны ажилтан биш юм. Сергей Дуловыг 12 жил хорихоор болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант