Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил нарт холбогдох хэргийг хууль сахиулагчид шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж найзынхаа компанид давуу байдал олгон орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа өглөө хэмээн мэдэгдсэн ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн яллагдагчаар татсантай холбоотойгоор огцрох хүсэлт өгсөн гэж ярих хүн ч орон нутагт нь бий.
Ш.Оргилтой хамт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нарыг холбогдуулан шалгасан. Тодруулбал, улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг найзынхаа аж ахуйн нэгжид давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдуулсан билээ. Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнууд нь хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, Ш.Оргилтой ойрын харилцаатай Г.Баттулга гэх хүний хувь эзэмшдэг гадаад худалдаа, аялал жуулчлал, байгаль орчны зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Эко петролиум” компанийг тендерт шалгаруулсан аж. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна.
БОАЖ-ын сайдын тушаал гарч, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хэд хэдэн сумын нутгаас нь хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг Сэлэнгэ аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан саатуулж, барааг нь багаж хэрэгсэлтэй нь хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, Засаг дарга Ш.Оргилын нөлөөгөөр найз Г.Баттулгынх нь аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгасан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа