Одоогоос гурван жил гаруйн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн америк эмч нартай хамтран Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ч амжилтгүй болсон юм. Тухайн үед 30, 64 настай өвчтөнд зүрхний гол судасны хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх хагалгааг хиймэл цусны эргэлтийн аппаратын тусламжтайгаар хийсэн байдаг. Төв эмнэлгүүд тэр үед хамтран ажиллаагүй, хувь хувийн амбицаа хөөснөөс үүдэн хоёр хүний амь тийнхүү хохирсонд иргэд, олон нийт ихэд шүүмжилж байв. Ингээд зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх яриа, хэлэлцээр үндсэндээ зогссон гэж хэлж болно.
Тэгвэл уг нарийн төвөгтэй мэс заслыг эх орондоо нутагшуулахаар Улсын I, III төв эмнэлгийн эмч нар хамтрах болсноо 14 хоногийн өмнө зарлалаа. Тодруулбал, тус хоёр эмнэлгийн зүрх, судасны мэс заслын болон эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг ЭМЯ-ны харьяанд байгуулаад байна. Үүний хүрээнд өдгөө зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх бэлтгэл хангаж буйгаа албаныхан хэлсэн. Мөн уг эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээлгийн жагсаалт гаргах, өвчтөнүүдийг хяналтад авах зэрэг ажлыг үе шаттай хийх аж.
Зүрх, судасны мэс заслын 50 гаруй жилийн түүхтэй манай улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ хэдийн үүссэн. Уг өвчний тархалт, нас баралтын үзүүлэлт ч үүнийг “шаардаж” буй. Гэвч өндөр түвшний, өртөг зардал туйлын ихтэй, донор эрхтний олдоц багатай уг эмчилгээг нутагшуулах боломж манайд бүрдсэн үү гэвэл хараахан үгүй аж. Зүрх шилжүүлэн суулгана гэдэг энгийн бидний төсөөлөхөд ч бэрх, хүнд хэцүү үйл явц. Эмнэлгийн ажилтнуудын хувьд ч онц хүнд хөдөлмөр гэдгийг олон улсын мэргэжилтнүүд дурдсан байдаг. Тиймдээ ч өндөр хөгжилтэй улс орнууд уг эмчилгээнээс татгалзсаар иржээ. Зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний дундаж зардал АНУ гэхэд 1.3-1.4 сая ам.доллар байгааг тус улсын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн албан ёсны цахим хуудаснаас харах боломжтой.
Дэлхий дахинд зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний 95 хувийг өдгөө Америк болон Өмнөд Африк, Европын Холбооны улсууд хийж байна. Үлдсэн таван хувийн эмчилгээг бусад тивд тун ховор тохиолдолд хийдэг аж. Үүний нэг нь Ази тив бөгөөд зүрхнээс бусад эрхтнийг шилжүүлэн суулгах эмчилгээний 90 хувь нь амьд донорынх байх жишээтэй. Учир нь азичуудын шашин шүтлэг, зан үйл зэргээс шалтгаалж нас барагсад (тархины үхэлтэй)-ын эрхтнийг эмчилгээнд төдийлөн ашигладаггүй юм байна. Тиймээс Азийн улс орнуудад зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх боломж одоогоор хомс аж. Харин эмч нар энэ бүхнийг тооцоолон, эрсдэлийг харж байгаа гэдэгт найдаж байна.
ЭМЯ, холбогдох албаныхан Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулсан шалтгаанаа “Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал болох “Алсын хараа 2050“-ийн хүрээнд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулна. Уг ажлын эхлэл болгож тус багийг бүрдүүлсэн” гэж мэдэгдсэн. Гэхдээ зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлнэ гэдэг улс төрийн аль нэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төдий хялбар ажил биш гэдгийг олон улсын туршлага бидэнд харуулсаар байна.
Эмчилгээний өртөг зардал нь ч холын мөрөөдөл шиг сонсогдох. Мэдээж элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал манайд олон улсын дунджаас хэд дахин хямд байгаа л даа. Гэхдээ энэ нь мэс засалд шаардлагатай чанартай, өндөр үнэтэй эм, тариа, хэрэгслийг бид хэрэглэдэггүйтэй холбоотойг өгүүлэхэд буруудахгүй болов уу.
Зүрх шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд насан туршдаа эмчийн хяналтад байх ёстой. Зүрхээ “солиулсан” хүмүүс бүрэн эдгэрдэггүй, уг эмчилгээ нь зөвхөн насыг нь уртасгах арга гэдгийг “Википедиа”-д тэмдэглэжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд жил бүр зүрх шилжүүлэн суулгах 3500 орчим мэс засал хийдгийн талаас илүү хувийг АНУ-ынх эзэлж байна. Тэгвэл Европт 2019-2020 онд нэг сая хүн тутамд дунджаар зүрх шилжүүлэн суулгах 10-11 мэс засал хийснийг www.statista.com цахим хуудсанд онцолжээ. Нэг сая хүн тутамд хийсэн уг эмчилгээний тоогоороо Словени (11.4), Чех (6.7), Австри (6.6), Хорват (6.1), Испани (5.9) эхний тавд багтсан байна. Энэ бол маш бага тоо гэдгийг ч тус цахим хуудсанд дурдаж. Донорын олдоцгүйгээс жил бүр зүрх шилжүүлэн суулгуулах жагсаалтад орсон хүмүүсийн тэн хагас нь нас бардаг байна.
Дэлхийн хүн амын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны өвчнийг бууруулахын тулд бөмбөрцөг даяараа чармайсаар ирсэн. Түүний дотор уг эмгэгийн шалтгаант нас баралтыг багасгах хамгийн төгс эмчилгээ нь зүрх шилжүүлэн суулгах хагалгаа. 1967 онд Өмнөд Африкийн зүрхний мэс засалч Кристиан Бернардаар ахлуулсан багийнхан хүнээс хүнд зүрх шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, дэлхийн анхны тохиолдлоор бүртгэгджээ. Түүнээс хойш уг эмчилгээг олон улсын эрдэмтэн судлаач, мэс засалчид 50 гаруй жилийн турш хөгжүүлж, өнөөдрийн зэрэгт хүргэсэн байна.
Манай улс зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг 2025 оноос хийхээр төлөвлөжээ. Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийн Удирдлагын багийн ахлагч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Люксембургийн Засгийн газраас “Зүрх, судасны төв” төслийг сүүлийн 20 жилд манай эмнэлэгт түшиглэн, 21 аймаг, есөн дүүргийг хамруулан хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Зүрх, судасны үндэсний төв байгуулсан. Тус төвд зүрх шилжүүлэн суулгахад шаардлагатай орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, зүрхний бусад мэс заслын чадавхыг сайжруулах зэрэг зорилтуудыг анхнаасаа тусгасан байсан. Ерөнхийдөө эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах ажлыг сүүлийн 10 жил тасралтгүй явуулсан. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр нэг эмчийг Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэгт хоёр жил бэлдсэн. Үүнээс гадна гурван хүнийг энэ чиглэлээр БНСУ зэрэг оронд 6-24 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлээд байна. Үүнийг цаашид ч үргэлжлүүлнэ. Мөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний суурийг тавих, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх төслийг олон улсын төсөл, хөтөлбөрийн шугамаар тун удахгүй эхлүүлнэ. Уг эмчилгээг амжилттай эхлүүлж, нутагшуулахад Засгийн газар, хандивлагч байгууллагуудын санхүүгийн туслалцаа, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Эмч нараа гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, өвчтөн сонгох, лабораторид амьтанд туршилт явуулах зэрэг шат дараалсан олон ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг ойрын гурван жилд бэлэн болгоно. Мэс заслын өртөг, зардлын тухайд одоогоор ярих нь эрт” гэсэн юм.
Зүрхний архаг дутагдлын эцсийн шат, титэм судасны цусан хангамжийн дутагдал, шигдээс, хавхлагын өвчин, зрхний төрөлхийн эмгэг, гажгийн үед эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийх заалттай аж. Манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь зүрх, судасны эмгэг. Уг өвчнөөс шалтгаалсан нас баралтын дийлэнх хувийг зүрхний архаг дутагдал эзэлдэг бөгөөд үүнийг бууруулах ганц арга нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдгийг Ц.Төмөр-Очир захирал хэлсэн.
Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталснаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан юм. Ингэснээр тус албаныхан улсын том эмнэлгүүд болон тархины үхэл тодорхойлох багуудтай хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд 3000 гаруй донорын мэдээлэл цуглуулжээ. Үүнээс тэд 180 гаруй донорын эрхтнийг эмчилгээнд ашиглах боломжтойг тодорхойлсон байна. Гэвч эдгээрээс тархины үхэлтэй 24 донорын эрхтнийг ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр 27 хүнд бөөр, 19 хүнд элэг, 60 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгахад ашигласан гэнэ. Дэлхийд өдгөө тархины үхэлтэй донороос найман төрлийн эд, эрхтэн авч эмчилгээнд ашиглаж буй. Харин манайх гурван жил гаруйн хугацаанд тархины үхэлтэй доноруудын эрхтнийг шилжүүлэн суулгах зөвшөөрлийг 24 гэр бүлээс авч чадсан нь хангалттай үзүүлэлт биш. Учир нь улс орнууд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнээс татгалзаж эхэлсэн. Цаашид зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлж, нутагшуулъя гэвэл Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхны үүрэг, оролцоо, сурталчилгаа одоогийнхоос хэд дахин нэмэгдэх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй болов уу.