Амьдралдаа алдаж, үүнийхээ хариуцлагыг хүлээн шүүхийн шийтгэх тогтоолын дагуу ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдон шүүгчийн захирамжаар эрхээ хасуулсан хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа анги, байгууллагад хоригддог. Алдсан нэгнийг хүмүүжүүлэн эргээд нийгмийн амьдралд нь оруулах үүрэгтэй гэж хэлж болох байгууллага бол дээрх газрын Хорих ял эдлүүлэх алба. Тус алба үндсэн чиг үүргээ “Хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, дахин нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох чиглэлээр санал боловсруулах” хэмээн тодорхойлсон. Гэвч хоригдогч буюу тус байгууллагын харьяа хорих ангид хүмүүжиж буй хүн эрүүл мэндээрээ, цаашлаад амиараа ч хохирсон тохиолдол сүүлийн хэдхэн сарын дотор нэг бус удаа гарлаа.
Харин эдгээр явдал тус байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнүүдэд дарагдаад бусдын анхаарлаас холуур өнгөрчихөв.
ХОРИХ АНГИЙН АЖИЛТНУУД ХҮМҮҮЖИГЧЭЭ ЗОДСОН ХЭРЭГТ ШАЛГУУЛЖ БАЙНА
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2019 оны хоёрдугаар сард Гавьяат хуульч, шүүгч асан Л.Б амиа алдаж, тухайн үед харуулын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдыг буруутган шалгасан билээ. Улмаар Г.Сүхболд, С.Магван, Б.Пүрэвдалай, Б.Уранбайгаль, Т.Жавзандулам нарыг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэднийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Өршөөлийн хууль буруу хэрэглэсэн” гэж дүгнэн шийтгэх болон цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулсан юм.
Энэ хэргийг гурван шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй байхад дээрх Цагдан хорих ангид саатуулагдсан хүнийг зодсон, улмаар тухайн иргэн эмнэлэгт очоод нас барсан хэрэг гарчээ. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан тухайн иргэнийг өөр хэргийн холбогдогч найман хүн бүлэглэн зодсон гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч нь шалгаж Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга зэрэг албан тушаалтнуудаас тайлбар, мэдүүлэг аваад буй юм билээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Амиа алдсан иргэнд хийсэн шинжилгээгээр зодуулсны улмаас бус, өөр шалтгаанаар нас барсан гэж шинжээч дүгнэсэн гэх мэдээлэл бий. Харин ар гэрийнхэн нь талийгаачийг “Гавтай нь хорих өрөө хэсүүлж, найман хүн нийлж зодсоноос эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан” хэмээн гомдол гаргасан аж.
Цагдан хорих ангид ийм хэрэг гараад удаагүй байтал Тахир соёот дахь хаалттай хорих 405 ангийн алба хаагч нь хүмүүжигчээ зодож эрүүл мэндээр нь хохироожээ. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэргийг нь шалгаж буй юм билээ. Хуучнаар гяндан гэж нэрлэж байсан, бүх насаараа хорих ял шийтгүүлсэн хүмүүс ял эдэлдэг гэх тус ангид хоригдож буй А.Б гэх хоригдлыг аравдугаар сарын 16-нд тус ангийн төлөөлөгч Н.Ариунболд, хянагч Д.Ганхуяг, Б.Бямбачулуун нар нийлж зодон хөлийг нь хугалсан хэрэгт шалгуулж байгаа аж. А.Б эд хөрөнгө залилсан, завшсан гэм буруутайг нь шүүх тогтоож, дөрвөн жил 10 сар хорих ял шийтгүүлэн дээрх ангид хүмүүжиж байсан бөгөөд эрүүл мэнд нь хохирсноос хойш ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги буюу Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байсан юм. Мөн Дархан-Уул аймаг дахь хорих 445 дугаар ангийн хүмүүжигч эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээлэл ч бий. Гэхдээ хэн нэгний халдлагад өртсөн бус, ажил хийж байгаад гараа гэмтээжээ. Энэ мэтээр хорих ангид хүмүүжигч нар амь, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарч байгаа нь харамсалтай.
СУЛЛАГДСАН ХОРИГДЛУУДАД ОЛГОХ ЁСТОЙ ЦАЛИНГ ЗУВЧУУЛСАН ГЭВ ҮҮ
ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны шууд удирдлагад байдаг хорих ангийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдоод байна. Баянзүрх дүүргийн нутаг дахь нээлттэй хорих 441 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахмад Б.Батзаяа албан тушаалаа урвуулан ашиглаж хоригдлуудад олгох ёстой байсан мөнгөнөөс завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж эхэлжээ. Тус ангийнхан “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулж, хүмүүжигч нарыг нүүрс уутлах, ачих ажил хийлгэдэг аж. Тус компанийнхан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд 11.6 сая гаруй төгрөг шилжүүлсэн юм байна. Гэтэл дээрх албан тушаалтан дансны хуулгыг нь засаж, компьютертоо шивэн, тайландаа өөр гурван аж ахуйн нэгжээс орж ирсэн авлага хэмээн бүртгэж, 10.5 сая төгрөгийн эх үүсвэрийг өөрчилсөн хэрэгт холбогджээ. Мөн хорих ангиас суллагдсан хоригдлуудад олгох ёстой байсан 10 сая 520 мянган төгрөгийн цалинг зувчуулан, “бараа захиалсан” гэж бүртгэсэн гэх түүний үйлдлийг ч АТГ-ынхан шалгаж буй юм.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулсан ШШГЕГ-ын албан тушаалтан ганц дээрх хүн биш. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тэгвэл Р.Энхтайван машин барих эрхээ хасуулсан атлаа согтуугаар тээврийн хэрэгсэл дахин жолоодож яваад замын цагдаагийн алба хаагчдад баригдсан юм билээ. Хууль журмынхаа дагуу бол Р.Энхтайваныг 30 хоног баривчлах арга хэмжээ авах ёстой байсан ч Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд түүнийг “хамгаалан” хариуцлага хүлээлгээгүй аж. Ийнхүү эрх мэдлээ хэтрүүлснийхээ төлөө замын цагдаагийн алба хаагчид өнөөдөр шүүхээр ял шийтгүүлэхдээ тулаад байна.
Р.Энхтайвантай холбоотой өөр нэг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэхээр товлоод байгаа. Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр Р.Энхтайвантай хамт өөр хоёр хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх юм.
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛСАН ХҮНИЙГ ХААЦАЙЛСАН УУ
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулдаг олон ажиллагааны нэг нь хүүхдийн тэтгэмж гаргуулж, эх, хүүхдэд олгуулах. Тус газарт шүүхээс гарсан шийдвэрийн дагуу тэтгэлэг албадан төлүүлэх 600-800 хүсэлт жилд дунджаар ирдэг гэх статистик бий. Нэг шийдвэр гүйцэтгэгчид энэ төрлийн 200 ажиллагааны материал оногддог юм билээ. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нарын ажилд төлбөр авагч иргэд төдийлөн сэтгэл ханамжтай байдаггүй. Хүүхдэдээ тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн аавууд түүнийгээ умартаад зогсохгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн өөрсдийн нэр дээрх эд хөрөнгөө ах дүүс, найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлэх, банкны дансаараа мөнгө оруулахгүй байх зэргээр төлбөр өгөхөөс зугтах явдал маш их. Тиймээс хүүхдүүдийнх нь асран хамгаалагч нар, дийлэнх тохиолдолд ээжүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, өргөдөл гомдол гаргаад тэтгэлэг авч чадахгүй байх явдал бий. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг юм билээ. Удаа дараа өргөдөл, гомдол гаргаад үр дүнд хүрээгүй хүн тус байгууллагынханд сэтгэл дундуур үлдэлгүй яах вэ дээ.
Зөвхөн хүүхдийн тэтгэлэг гэлтгүй шүүхийн шийдвэрээр хариуцагч талаасаа мөнгө гаргуулж авах болсон нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэгч нарын үйлдэл, цаашлаад хуулийн бусад байгууллагын үйл ажиллагаанд ч сэтгэл дундуур үлдэж, төрийн албаныхны хүнд суртал, гар харсан байдал, авлига хээл хахууль үүсгэж байгаа талаар гомдоллож суугаа. Ийм нэг иргэний тухай мэдээлэл бидэнд ирлээ. “Си ди эм кэй” ХХК-ийн захирал Т.Болдбаатар нэгэн иргэнээс 19 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх бараа худалдан авчихаад мөнгийг нь төлөлгүй дөрвөн жил өнгөрчээ. Хохирсон иргэн Б иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүх ч уг мөнгийг нь Т.Болдбаатараас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн аж. Мөнгөө товлосон хугацаандаа өгөхгүй болохоор нь нэхэмжлэгч тал шүүхээс шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байна. Гэвч “Си ди эм кэй” ХХК-ийн захирал Т.Болдбаатар мөнгөө төлөлгүй луу унжсаар байсан учраас дээрх газрынхан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж Эрүүгийн хуулийн 21.7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгүүлэхээр болоод байж. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тухайн шийдвэр гүйцэтгэлийн материалыг хариуцаж байсан шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалаг цагдаагийнханд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулаагүй” гэсэн утгатай тайлбар өгснөөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хэргийг хаасан аж. Харин УЕПГ-аас Т.Болдбаатарыг эрүүгийн хэрэгт шалгах үндэслэлтэй хэмээн шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болжээ. “Си ди эм кэй” ХХК-ийн захирал Т.Болдбаатар дээрх иргэнээс гадна нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид төлөх төлбөртэй юм билээ. Прокуророос хэргийг нь хааснаар Т.Болдбаатар хилээр гарч яван бусдад төлөх төлбөрөө төлөхгүй байгаа гэнэ. Үүнээс үзэхэд “Си ди эм кэй” ХХК-ийн захирал Т.Болдбаатарыг хаацайлж, хил давж явах боломжийг шийдвэр гүйцэтгэгч нь бүрдүүлчихсэн юм биш биз гэсэн хардлага нэр бүхий нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлд бий.
ШШГЕГ-ын газрын харьяа алба, нэгжийнхэнтэй холбоотой, бусдад бэлгийн дарамт учруулсан, хорих ангийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн байж болзошгүй гэх зэрэг олон мэдээллээс цөөн хэсгийг нь ийнхүү хүргэлээ. Тус газрын Хорих ял эдлүүлэх болон Шийдвэр гүйцэтгэх албаныхан энэ мэт алдаа дутагдлаа засаж залруулах чиглэлд анхаарч ажиллах биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа