Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлын албан тушаал хашиж буй академич С.Чулуунд холбогдох хэргийг ЭЦА-ныхан шалгаж эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг яллагдагчаар татах санал цагдаагийнхан гарган НПГ-ын хяналтын прокурорт энэ сарын 17-нд хүргэсэн байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 25.3-т заасан “Соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлсэн”, 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж. Академич С.Чулууныг Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Түүнийг нь тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй хоёр боть ном болгон хэвлүүлж, соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй. Манай Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт Өндөр гэгээн Г.Занабазарын намтар, түүхэнд холбогдох ганц хувь, ховор нандин түүхийн үнэт өвийг агуулсан таван боть дурсгал хадгалагддаг. Түүнд монголчуудын соёл, шашны талаар нарийвчлан тусгасан, гуйвуулан иргэдийг талцан хагаралдуулж ч болзошгүй баримтууд бий учраас олон нийтэд үзүүлдэггүй гэдэг.
БНХАУ-ын тал хуулбарлан авсан баримтуудаа ном болгон хэвлүүлж нэг ботийг нь 1200 юань буюу 550 мянган төгрөгтэй тэнцэх үнээр борлуулж байгаа юм билээ. Уг номд нь монголчуудын түүх, угсаа гарвалыг үгүйсгэсэн өгүүлбэр цөөнгүй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж өмнөд хөршид ажиллаж, суралцдаг эх сурвалжууд бидэнд мэдээлж байсан. Уг хэрэгт нь холбогдуулж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нарын гэрчээс мэдүүлэг авч, арваннэгдүгээр сарын 4-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн есдүгээр давхар дахь Олон улсын Монгол судлалын холбооны байр, Чингис хаан музей дэх С.Чулууны албан өрөөнд нь нэгжлэг хийж, цагдаагийнхан цагдан хорих санал гаргасан ч прокурор, шүүхийнхэн татгалзсан билээ.
“Чингис хаан” музейн захирал С.Чулууныг дээрх хэргээс гадна түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Гэхдээ яллагдагчаар татах, эсвэл хэрэгсэхгүй болгох тогтоол хараахан гаргаагүй байгаа аж. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Одоос Чингис хааны үеийн алтан зоосыг улсын сан хөмрөгт 100 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг нь гаргуулан өгөх талаар ярилцаж тохиролцон авсан ч түүнийгээ бусдаар дамжуулан 200 сая төгрөгөөр борлуулахыг завдсан гэсэн гомдол хууль сахиулагчдад ирсний дагуу шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа