Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой олон хэргийг АТГ-т шалгасан ч шүүхэд очоод шийдэгдэлгүй таг чиг болоод буй. Тухайлбал, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдолтой холбоотойгоор хэргийг нь түдгэлзүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
Тэгвэл өдгөө ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбатад АТГ-ын Мөрдөн шалгах сийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шал гаж эхэлжээ. Түүнийг шалгуулах үндэслэл нь албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгон арилжааны нислэг нууцаар хийлгэсэн гэх үйлдэл байгаа аж. Манай улс Японы талтай байгуулсан гэрээндээ Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар тусгасан. Гэтэл уг гэрээгээ зөрчин зарим агаарын тээврийн аж ахуйн нэгжид нислэг үйлдэх зөвшөөрөл олгож, нэр бүхий компаниуд нислэгийн эрхгүй болсон Буянт-Ухаа дахь нисэх буудлыг ашиглуулж, давуу байдал олгож буйтай холбоотойгоор ийнхүү шалгуулахаар болсон гэнэ.
Уг үйлдлээс гадна Ё.Эрдэнэбатыг хуурамч диплом ашиглан ИНЕГ-ын эрх бүхий өндөр албан тушаалд томилогдсон, хамаарал бүхий хүмүүсээ тус газрын салбар, нэгжид ажилд оруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер будилаантуулсан хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Тэрбээр ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн тушаалаар тендерийн үнэлгээний нэг бус хороог ахалсан байдаг. Тухайлбал, ИНЕГ-аас “Гүрэн” дээд сургуулийн удирдлагатай менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт хийх тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан. Улмаар тус сургуультай гэрээ байгуулж 640 сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг яллагдагчаар тооцон шалгаад тендерийн үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтан нь дээрх сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон мэтээр хуурамч баримт үйлдсэнийг шалгалтын явцад тогтоосон гэдэг.
Бэлтгэсэн Г.Равжаа