Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хурал өнөөдөр /2021.12.21/ Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд цахимаар зохион байгуулав. Хуралдааныг нээж Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд Зубов И.Н үг хэлж, Оросын талын бүрэлдэхүүнийг танилцууллаа. Монголын талаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо үг хэлж, бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.
Тус хурлаар талууд хил орчмын бүс нутгийн шуурхай байдлын нөхцөл байдал болон хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл хийж, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх хяналтын арга хэмжээг чангатгах, мал хулгайлахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааны тухай, хоёр улсын хууль сахиулах байгууллагын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Мөн Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал солилцлоо.