Хүмүүс дархлаагаа дэмжих зорилгоор янз бүрийн аминдэм уудаг. Энэ нь нэг талаар сайн ч гэлээ зөв хэрэглэхгүй бол сахил хүртээд шал дордов гэгч болно. Аминдэмийг уухдаа хүмүүс ихэвчлэн алдаа гаргадаг гэж Оросын хоол тэжээлийн мэргэжилтнүүд мэдээлээд, юунд анхаарахыг зөвлөжээ. Хүмүүс аминдэмээр дархлаагаа бэхжүүлж, нүдний хараа, арьсны эрүүл мэндээ сайжруулна гэж боддог, энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн жоргүй олгодог зэрэг нь зохисгүй хэрэглээг даамжруулж байгааг тэд дурдаад, үүнийг худалдан авахдаа үл нийцэх болон зохицох байдлыг харгалзан үзэх нь нэн чухлыг зөвлөв. Жишээлбэл, төмрийн дутагдалтай нь оношлогдвол төмрийн бэлдмэлийг С аминдэмтэй хамт хэрэглэх нь үр дүнтэй. С аминдэм төмрийг биед шингээхэд чухал үүрэгтэй. Харин төмөр дутагдлын үед олон орц, найрлагатай аминдэм ямар ч үр дүнгүй. Үүний зэрэгцээ төмрийн бэлдмэлийг уухдаа кальци, магни агуулсан эм, тарианаас татгалзах нь зүйтэй. Эдгээр нь нэгнийхээ үйлчлэлийг бууруулдаг юм байна. Өвлийн улиралд D, С аминдэм түлхүү хэрэглэх ёстой бол урин дулаан цагт үүнийг хоол хүнсээрээ нөхөх нь чухал аж.
Мөн хүмүүс удаан хугацаанд аминдэмийг нэмэгдлээр дур мэдэн уудаг нь хамгийн буруу. Энэ нь төрөл бүрийн дааврын ялгаруулалт, тэдгээрийн үйлчлэлийг үгүй хийх нигууртай гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Бэлтгэсэн Ж.Цэцэг