Хүнд сэтгэлийн хямрал, эсвэл төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй эхээс төрсөн хүүхдүүдийн сүүн шүдэнд асуудал үүсэх нь түгээмэл байдаг гэнэ. Мод он цагийн цагаригтай байдаг шиг хүний шүдэнд өсөлтийн шугам буюу мөчлөг бий бөгөөд энэ нь хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн лавлах байх боломжтой гэж Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн судлаачдын илтгэлд дурджээ. Ялангуяа сүүн шүдний эрүүл мэнд нь хүүхдийн сэтгэцийн байдлын “цонх” байж, хожим сэтгэлийн хямрал болон бусад эмгэгт өртөх эрсдэлийг тодорхойлоход тусална гэж тэд судалгаандаа тулгуурлан мэдээлэв. Үүнд үндэслэн сэтгэл зүйн асуудалд өртөх эрсдэлийг нь хүүхэд насанд илрүүлэх аргачлал бий болгох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ судалгаа хараахан эцэслээгүй, цаашид олон жил үргэлжлэх магадлалтай гэдгийг тэмдэглэжээ.
Ер нь шүдний эрүүл мэндээс хүний эрүүл оршихуй шалтгаалдаг гэдэгтэй анагаах ухааны салбарынхан санал нэгддэг, төрөлхийн гажиг, эмгэгээс бусад тохиолдолд. Тиймээс хүн амынхаа амны хөндийн эрүүл мэндэд улс орнууд онцгой анхаардаг билээ. Энэ тал дээр Финланд онцгой туршлагатай бөгөөд шүд цоорох эмгэг тус улсын бүх насныханд бүртгэгдээгүйгээрээ алдартай. Германд хүүхдийг гурван нас хүртэл нь шүдний дайсан чихрээс хол байлгахад анхаарч гэр бүлийн хүрээнд багачуудын шүдийг зөв арчилсан тохиолдолд урамшуулал хүртэл олгодог.
Швед шүдний эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоотой. 0-21 насныхан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг аж. Уг журам нь улсын болон хувийн аль ч эмнэлэгт хүчин төгөлдөр. Мөн багачууд, хүүхэд, өсвөр насныхныг шүдний үзлэгт тогтмол хамруулахыг хуульчилснаар урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгожээ. Шведийн иргэд 23 наснаас эхлэн шүдний эмчилгээний санхүүгийн дэмжлэг авах эрхтэй. Үүнд 23-29 болон 65-аас дээш насныханд жилд 600 крон төсөвлөдөг бол 30-64-тэй иргэдийн хувьд 300 крон олгодог аж. Үүнийг тухайн жилд ашиглаагүй бол он дамнуулан хуримтлуулж байгаад хэрэглэж болдог гэнэ. Тухайн хүн 3000 кроноос дээш үнэтэй үйлчилгээ авбал төлбөрийн 50 хувийг хөнгөлүүлэх боломж ч бий. Тус улсын мэргэжилтнүүд хүүхдийн сүүн шүдний талаарх дээрх судалгаанд хамтран ажиллах санал гаргахаар төлөвлөсөн гэдгийг мөн мэдээлжээ.
Бэлтгэсэн Ж.Хаан