Чихрийн шижин өвчний талаарх иргэдийн ойлголт дулимаг, ташаа байх нь түгээмэл. Тухайлбал, эл өвчин нь нэг болон хоёрдогч хэлбэрээр үүсдэг гэсэн ойлголт. Тэгвэл I болон II хэлбэрийн чихрийн шижин нь ижил төстэй шинж тэмдэг бүхий хоёр өөр өвчин юм. Тодруулбал, I хэлбэрийнх нь аутоиммун өвчин буюу энэ үед тухайн бие махбодын дархлааны тогтолцоо нь нойр булчирхайн инсулин үүсгэдэг бета эсүүд рүүгээ халддаг. Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлийн нөлөөлөлгүйгээр “дотоодын зөрчилдөөн”-өөс үүснэ гэсэн үг. Харин II хэлбэрийн чихрийн шижин нь ижил төстэй үр дагавартай боловч бие махбодын инсулиний үйлдвэрлэлд доголдол үүсэж, үйл ажиллагаа нь буруу болсны зэрэгцээ эсүүд инсулинийг үл тэвчих байдлаас үүдэлтэй юм байна. Тэгвэл энэ хоёр хэлбэрийн чихрийн шижингийн хүчин зүйл болох, мөн бусад олон өвчин үүсэхэд нөлөөлдөг дааврыг АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Энэ бол анагаах ухааны түүхэнд том алхам бөгөөд инсулинийг нээснээс 100 жилийн дараа (Канадын эмч Фредерик Бантинг, Жон Маклеод нар цусан дахь глюкозыг зохицуулдаг инсулин дааврыг нээж, 1923 онд Нобелийн шагнал хүртсэн) ийм үйл явдал тохиосон нь бас нэгэн онцлог гэж “Nature” сэтгүүлд мэдээлсэн байна.
Харвардын их сургуулийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн Гөкхан С.Хотамислигилээр ахлуулсан судалгааны багийнхан I, II хэлбэрийн чихрийн шижин өвчний явцад чухал үүрэг гүйцэтгэдэг дааврыг илрүүлэн “фабкин” хэмээн нэрлэжээ. Анагаах ухаан, хүний анатомийн нэршлийг баяжуулсан фабкин даавар нь бодисын солилцооны зохицуулалтад онцгой үүрэгтэй. Энэ нээлтийг хийсэн багийнхан “Олон жилийн турш бид өөхний эсүүд (өөхний эдийг бүрдүүлдэг эс) дэх энергийн нөөцийн төлөв байдлын талаар мэдээлдэг, тодруулбал, нойр булчирхайн бета эсүүд инсулин үйлдвэрлэх гэх мэт дотоод шүүрлийн урвалыг өдөөх дохиог хаанаас, “хэн” өгдгийг илрүүлэхээр судалж ирсэн. Үр дүнд нь фабкиныг илрүүллээ. Энэ нь молекулаар дамжуулан үйл ажиллагааг хянадаг даавар юм. Бодисын солилцоог зохицуулахад инсулин, лептин зэрэг олон даавар оролцдог. Энэ нь тусгай нэг рецептор (гадны цочролыг мэдэрдэг мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлийн хэсэг)-той ганц молекул биш гэдгээрээ тэдгээр даавраас ялгаатай. Тодорхой хэлбэл, фабкин нь өөхний эсээс FABP4 уураг ялгарч, NDPK, ADK ферменттэй холбогдон цусанд орох үед үүсдэг уургийн цогцолбор юм. Мэрэгчдэд хийсэн туршилтаар эл даавар эсийн гаднах энергийн дохиог зохицуулдаг болохыг тогтоосон. Дараа нь эдгээр дохио нь зорилтот эсийн үйл ажиллагааг хянахын тулд бүлэг рецептороор дамждаг. Чихрийн шижин өвчний үед фабкин нь инсулин үйлдвэрлэх үүрэгтэй нойр булчирхайн бета эсийн үйл ажиллагааг хянадаг бөгөөд уг өвчнийг “дэвэргэх” хөдөлгөгч хүч болохыг бид тогтоосон” гэж тайлбарлажээ.
Судлаачид эрүүл хулганы бие махбод дахь фабкины үйл ажиллагааг зогсоосноор I болон II хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэхээс сэргийлж байгааг тогтоожээ. Мөн таргалалттай, чихрийн шижинтэй хулганад энэ туршилтыг хийхэд цусан дахь чихрийн хэмжээ хэвийн түвшинд хүрч, эрүүл болсон гэнэ. Энэ даавар нь хүний биед ч адил үүрэг гүйцэтгэдэг тул уг судалгаа чихрийн шижингийн эмчилгээнд шинэ хаалга нээх боломж бүрдүүлсэн гэдгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Хүний биеэс шинээр илрүүлсэн фабкин даавар чихрийн шижингээс гадна өөр олон өвчнийг өдөөгч болдог талаар судлаачид мөн өгүүлжээ. Тэгэхээр удахгүй дааврын гаралтай өвчнүүд тэр дундаа чихрийн шижингийн эмчилгээнд дэвшил гарч шинэ эм, бэлдмэл үйлдвэрлэх нь дамжиггүй. Цаашлаад эл төрлийн өвчний эрсдэлийг бууруулах, ялан дийлэх нь цаг хугацааны асуудал болж байна.
Ташрамд өгүүлэхэд, Японы эрдэмтэд 2020 оны наймдугаар сард “Чихрийн шижин өвчний үед чухал үүрэг гүйцэтгэдэг уураг илрүүлсэн” талаараа албан ёсоор зарласан. CNOT3 хэмээх уураг цусан дахь чихрийн хэмжээг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдгийг тогтоосон нь бас нэгэн нээлт болсон юм. Энэ нь инсулин үүсгэдэг эсийн үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй генийн багцыг “намжаахад” онцгой ач холбогдолтой гэж “Communications biology” сэтгүүлд нийтэлсэн.
Эл мэдээтэй холбогдуулан чихрийн шижингийн талаар олон улсын эрдэмтдийн зөвлөгөө, мэдээллүүдээс түүвэрлэн хүргэе.
Чихрийн хэрэглээг тогтмол хэтрүүлэх нь чихрийн шижин өвчний шууд шалтгаан гэж ойлгох нь өрөөсгөл. Энэ нь ганц шалтгаан нь бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн эмч нарын зөвлөснөөр элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх нь таргалалтад нөлөөлж, улмаар II хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. Ийм өвчтэй хүмүүс нүүрс ус агуулсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхийдэг нь тийм ч оновчтой биш. Өдөр тутмын илчлэгийн 50-55 хувийг нүүрс ус эзэлдэг эрүүл хооллолтоор авах ёстой гэж Оросын эмч нар зөвлөж байна. Мөн “D аминдэмийг өндөр тунгаар хэрэглэх нь чихрийн шижин өвчнийг эмчлэх боломж байхыг үгүйсгэхгүй. Учир нь цусан дахь чихэр болон ашиггүй холестерины хэмжээг бууруулдаг” гэжээ. Эдгээрийн түвшин өндөр байснаар амин чухал эрхтэнд цус хүргэдэг судсыг бөглөх аюултай. Тиймээс цусан дахь холестерины хэмжээг зохист түвшинд байлгах нь чухал.
Британийн “Daily еxpress”-д мэдээлснээр цусан дахь холестерин тогтмол их байснаар бие махбод дохио өгдөг. Ерөнхий шинж тэмдэг ихэвчлэн хөлөнд эхлээд ажиглагддаг. Юуны түрүүнд холестерол нь элгэнд нийлэгждэг өөхөн бодис бөгөөд даавруудын үйлдвэрлэлд оролцох, эсийн ханыг барих зэрэг “үйлчилгээтэй”. Ашиггүй буюу муу холестерин LDL их хэмжээгээр хуримтлагдах нь артерын судсыг бөглөж, үүнээс улбаалан цусны эргэлт удааширдаг. Энэ үед хөл “бачуурч” базалж, лугшиж буй мэт өвддөг. Үе үе мэдээ алдах, сулрах, доод мөч хүйтэн байх шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн хөлний хумсны ургалт харьцангуй удааширч, шигдэж ургах нь түгээмэл. Үүнийг мэдсэнээр цусан дахь өөх тос, чихрийн хэмжээгээ “тогтоох” боломжтой аж. Гэхдээ үүнийг цусны шинжилгээгээр илрүүлэх нь хавьгүй эрсдэл багатай, цаг хугацаа алдахгүй болохыг зөвлөжээ.
100 жилийн дараах түүхэн нээлттэй зэрэгцэн өөр нэгэн том судалгааг Австралийн Монаш их сургуулийн эрдэмтэд танилцуулж байна. Энэ нь мөн л инсулин даавартай холбоотой аж. Дасгал хийсний дараа хүний бие махбодод дасан зохицох хариу урвалыг өдөөдөг фермент үүсдэг болохыг тэд илрүүлсэн гэнэ. Энэхүү нээлт нь II хэлбэрийн чихрийн шижин гэх мэт насжилтаас үл шалтгаалсан өвчнөөс хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд уг ферментийн үйл ажиллагааг дэмжих эмийг бий болгох боломжийг өдгөө судалж байгаа аж. Энэ хэлбэрийн чихрийн шижин өвчний үед эсүүд инсулинд бага мэдрэмтгий болдог. Тэгвэл биеийн тамирын дасгал нь уг ферментийг нэмэгдүүлж, инсулиний мэдрэх чанарыг сайжруулан, улмаар бодисын солилцоог хэвийн болгоход хувь нэмэр оруулдаг болохыг олж тогтоосон юм байна. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс ямар нэгэн хэмжээгээр өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийж байх нь чухал үр дүнтэй гэж зөвлөжээ.
Бэлтгэсэн Э.Хана