БНСУ-д дунд сургуульд суралцдаг 13 настай монгол охин үеийнхээ хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөөд буй билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос тус улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонгод хандан албан бичиг хүргүүлжээ. Үүний хариуд уг байгууллагаас “БНСУ-д амьдардаг 13 настай монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсанд харамсаж байна. Улс орон, нийгэм бүрт хүүхэд бүр хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарим баримталж, ямар ч нөхцөлд эрхийг нь хамгаалах учиртай байдаг. БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын байгууллага, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьсан болно. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн уг хэргийг шалгасан. Анхан шатны шалгалтын үр дүнд үндэслэн комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэрийг арванхоёрдугаар сарын 16-нд гаргалаа. Гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагаа хийж дуусмагц үр дүнг нь Монгол Улсын ХЭҮК-т хүргүүлэх болно” гэж мэдэгджээ.
Бэлтгэсэн Г.Равжаа