“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг хууль сахиулах байгууллагаас хэд хэдэн үндэслэлээр шалгаад нэг үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Тодруулбал, 2013 оны дөрөвдүгээр сард дээрх албан тушаалд томилогдоод “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 100 хувийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт түүнийг буруутгаж буй. 2015 онд ашиглалтад орсон тус эмнэлгийг 2016 онд 18 жилийн хугацаатайгаар “Медипас” компанид ямар ч төлбөргүйгээр шилжүүлээд өнөөг болтол нэг ч төгрөг буцааж аваагүй тухай өнгөрсөн есдүгээр сард Шадар сайд мэдээлж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй 2016-2020 оны хооронд урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр 12.7 тэрбум төгрөг дээрх эмнэлэгт “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн талаар тухайн үед тодотгож байв. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын хяналтад хүргүүлээд буй аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 13-17-нд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол хүлээн авч, нийт 93 мэдээллийг шалгаснаас 15-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 27-г нь шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хүргүүлсний дотор “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох дээрх хэрэг багтсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг 2019 оны аравдугаар сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн билээ. Улмаар түүнд холбогдох, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ч буцааснаас хойш сураг алдарсан юм. НПГ-аас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” хэмээн яллах дүгнэлт үйлдээд байв. Ц.Даваацэрэнг албан тушаалаа урвуулж, тус үйлдвэрийн ядуу агуулгатай овоолгыг “Ачит ихт” компанид давуу байдал олгон өгч дээрх үйлдвэрт хохирол учруулсан хэрэгт буруутгаад байсан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа