"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон хамжигч гэгддэг “Алтжин групп”-ийн ерөнхий захирал Г.Алтжин, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдал тааруу шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй гэнэ. Мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 23.22 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нийт 8 жил хорих ял оногдуулжээ. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг 7 жил хорих болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн билээ.
Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж буй билээ. Эл хэргийн шүүх хурлыг шүүхээс хэдэнтээ товлосон ч шүүгдэгчид удаа дараа хойшлуулсаар ирсэн юм.