БОАЖЯ-аас "Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн,
"102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна. Иргэд зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102 дугаарын утсанд мэдээлэх боломжтой юм.
Түүнчлэн иргэдийг стандартын зуух хэрэглэж заншихыг уриалж байна. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг" гэв.
Өнгөрсөн долоо хоногт 3000-3200 тонн сайжруулсан шахмал түлш борлуулсан.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж, хурааж авсан талаар албаныхан мэдээллээ.