Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа гулгаанаас хамгаалах тусгай бодис болон давс цацдаг. Дүүргүүд мөн өөрсдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс, тусгай бодис нөөцөлсөн. Дүүргүүдийн хувьд нөөцөлсөн бодис, давсаа өөрсдийн нутаг дэвсгэрийн орон сууц, гэр хорооллын туслах замуудад цацдаг. УБЗАА-ны тухайд нийтийн эзэмшлийн томоохон магистрал замууд, зуслангийн болон алслагдмал замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.
Зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд яалт ч үгүй гар ажиллагаа орж байгаа. Гар ажиллагааг багасгаж, автомат болон техникжүүлсэн ажиллагаанд шилжих шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьдаг. Хот тохижилтын газар болон дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад цас цэвэрлэх тоног төхөөрөмжийг төсвөөс авч өгч байгаа. Алслагдмал замын цэвэрлэгээг хувийн хэвшлийн компанитай гэрээ хийн хариуцуулсан. Тэдгээр хувийн байгууллагуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл стандарт шаардлага хангасан, автоматаар давс, бодисоо цацдаг, замаа автоматаар шүүрдээд соруулчихдаг. Цас орж байх үед үлээлгэх төхөөрөмжийг суурилуулдаг болсон байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд төсвөөс хамааралтай учир багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэхдээ бид жил ирэх тусам машин, техникийн парк шинэчлэлийг бага багаар хийж, аль болох механикжиж, техникжүүлэхээр ажиллаж байна.
-Халтиргаа гулгаа үүсэх үеэр ажиллах хүчний тоог нэмдэг үү?
-Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг. Эдгээр хүмүүс зуны улиралд ногоон байгууламжийн арчилгааг хийдэг. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг. Нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Цас орж буй үед гараар шүүрдэх бус, автоматаар үлээлгэх төхөөрөмж ашигладаг болж байгаа. Олон газар энэхүү төхөөрөмжийг авч байна.