Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарын гэм бурууг энэ сарын 7-нөөс эхэлж, найман хоног хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулга, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Ё.Гэрэлчулуун, Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Ю.Алтангэрэл, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал хэдэнтээ хойшилсон ч өнөөдөр эцэслэн шийдэж чадлаа.
Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.12-1 хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2 мөнгө угаасан гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм байна.
Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга нарт хорих ял тус тус оноож, зарим хүнийг торгожээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлд 4 жил, А.Гантулгад 5 жил хорих ял оноож, Ю.Алтангэрэлийг 2.7 сая, Б.Чулуудайг 15 сая, Д.Жаргалсайханыг 9.7 сая, Т.Гэрэлт-Одыг 7 сая төгрөгөөр торгож, гэм буруутайд тооцсон байна. Харин Б.Мөнхтөр, Ш.Ганхуяг, Л.Нарантуяа, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хэргийг эргэн сануулахад, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлэхдээ “Улаанбаатар хотын банк” болон Турк улсын “216 япи үрэти худалдаа” компаниас ихээхэн зээл авсан гэдэг. Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгийнхээ өр зээлийг төлөхөөр ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг гаргуулан “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үздэг юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн тэднийг буруутгаж шүүсэн билээ.