Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс оноож эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь уг тогтолцоог бүрдүүлж, ял эдлүүлэх ажлыг хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэхэд гэр бүл, найз нөхөд, байгууллага, олон түмний оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэдээллийн технологийг ашиглаж, цахим хэлбэрээр ял эдлүүлэх болсон.
Тус ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш 1600 орчим ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, 402 ялтны ялыг эдлүүлж, дуусгавар болгосон бөгөөд хяналтад байгаа ялтнуудын 52 хувь нь нийслэлд, 48 хувь нь орон нутагт байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд “Цахим хяналт, удирдлагын төв” нь 24 цагаар цахим хяналт, аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс биечилсэн хяналтыг тавьж буй. Эл ялыг оноосноор иргэдийн амгалан тайван байдал хангагдаж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гарах зэрэг нийгмийн эерэг үр дагаварууд бий болж, Монгол Улсын Эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэлийг авчирсан алхам болсон гэж эрхзүйчид хэлж байна.