Есөн дүүргийн 600 иргэнээс Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад
- замын түгжрэл,
- агаарын бохирдол,
- архидалт,
- хог хаягдал,
- “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн сэтгэл зовоосон асуудал хэмээн хариулжээ.
Мөн эдгээр иргэдийн 94 хувь нь явган хүний зам, дугуйн зам, давхар зам, гүүрэн байгууламж бий болгохыг дэмжсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг цөөнгүй иргэн дэмжсэн талаар судалгааны баг мэдээллээ.
Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзжээ.
Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцэж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь, хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь, нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь, дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Эдгээрээс судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн, хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.