“Эрх зүйн хөтөч” фэйсбүүк хуудас болон www.e-khutuch.mn цахим хуудасны мессенжэр хэсэгт зурвас бичиж, бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болон бусад чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот үйлчилгээг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгээс нээн, ажиллуулж буй. Тэгвэл дээрх чатбот үйлчилгээнд гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгөх “Хүчирхийллийг мэдээлэх” гэсэн шинэ суваг нэвтрүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хандах байгууллагын талаар мэдээлэл өгөх, холбон зуучлах зорилготой юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг амаар, бичгээр, цахимаар өгч болно гэж заасан байдаг. Иргэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг амаар, бичгээр өгөх төдийгүй цахим үйлчилгээ болох чатбот үйлчилгээгээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх боломжтой боллоо. Иргэний гэр бүлийн хүчирхийллийн талаар өгсөн мэдээллийг нууцлах аж.