Агаарын бохирдлын асуудал эргээд “моод”-нд орлоо. Утаа бүрмөсөн арилсан гэсэн ухуулга, сурталчилгаа идэвхтэй хийж, үүнийхээ ачаар сүүлийн жилүүдэд чих амар, элдэв шүүмжлэл, хэл амнаас хол, ажил, ачааллаас ангид байсан албаны хүмүүс дахиад бужигналдаж байна. Агаарын бохирдол 50 хувиар буурсан, хоруу чанар нь илт багассан хэмээх мэдээлэлд автан, хүйтэн сэрүүний улиралд хотын дээгүүр хөшиглөх утааг уур, манан гэж эндүүртлээ “тархиа угаалгасан” нийслэлчүүд амьсгалах эрхийнхээ төлөө зоригтойгоор дуугарч эхэллээ. Утаа үнэхээр багассан уу, бид чухам ямар түлш хэрэглээд байна вэ, хорт бодисын хэмжээ буурсан нь үнэн үү, агаарын бохирдлын асуудлыг энэ хэвээр ойшоохгүй байвал ирэх онд, түүний дараа жил ямар нөхцөлд хүрэх бол. Иргэд ийм асуудал дэвшүүлж, соргогоор хандаж, нөхцөл байдлыг бодитоор дэнсэлж байна.
Олон нийтийн хандлага өөр тийш хэлбийж, шүүмжлэл ар араасаа хөврөнгүүт Засгийн газар, холбогдох байгууллагынхан удаан хугацааны дараа утааны асуудлаар хуралдав. Гэхдээ ор нэр төдий. Олны шүүмжлэлийг тусгаж, дэвшүүлсэн асуудлыг онцгойлон авч үзэж буй мэт харагдах гэсэн дүр байдал л тэндээс харагдлаа. Одоогийн нөхцөл байдал яг ямар байгаа, хүхэрлэг хий, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээ яагаад эрс өсөв, сайжруулсан түлшний чанар хэр буй, агаар бохирдуулагч бусад эх үүсвэр хэр зэрэг хорт бодис ялгаруулж байна вэ зэрэг хамгийн чухал асуултад тэд хариулсангүй, энэ талаар ч хөндсөнгүй. Ярьж буй асуудал нь ерөөсөө л түүхий нүүрс хулгайгаар түлсэн, тээвэрлэсэн зөрчилтэй холбоотой. Мөн Налайх, Багануур дүүргийг агаарын чанар сайжруулах бүсэд оруулах, түүхий нүүрсээр галладаг халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн дулааны шугамд холбох, эсвэл сайжруулсан түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа л улиг болтол танилцуулав. Товчхондоо бол агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд утаанд дарлуулсан Улаанбаатарын өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Агаарын бохирдлын бодит үзүүлэлт, статистикийг иргэдэд танилцуулахаас, мэдүүлэхээс ихэд эмээж байх шиг. Үүний тод жишээ нь БОАЖЯ, ЦУОШГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, “Тавантолгой түлш” компанийнхан долоо хоног болгоны даваа гарагт агаарын чанарын талаар нэгдсэн мэдээлэл өгөх “ажил” санаачлав.
Агаарын чанартай холбоотой мэдээллийг иргэдэд түгээх нь, олон нийт энэ талаар ойлголттой байх нь чухал. Энэ үүднээсээ ийм мэдээллийн цагтай байж болно. Гагцхүү хэрэгтэй, чухал мэдээллийг түгээх шаардлагатай. Гэтэл дээрх байгууллагынхан энэ цагаараа “Тавантолгой түлш” компанийн сурталчилгааг хийж, түүхий нүүрстэй холбоотой зөрчлийн талаар л ярьдаг болов. Сайжруулсан түлш үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт хэвийн буй, түүхий нүүрс хулгайгаар түлсэн, тээвэрлэсэн зөрчил төчнөөн удаа гарлаа гэсэн ач холбогдолгүй мэдээллийг л өгч байна. Үндсэндээ энэ нь агаарын чанарын бус, нүүрсний мэдээллийн цаг болж хувирлаа. Иргэдэд юу хэрэгтэй вэ гэхээр ердөө агаарын чанарын үзүүлэлт. Хотын аль бүсэд утаа их байна, өдрийн аль үед бохирдуулагч бодисын хэмжээ нэмэгддэг, агаарын чанарын муу үзүүлэлт стандарт давсан тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, хуучин голомттой бүсүүд өөрчлөгдсөн үү гэдэг мэдээлэл иргэдэд илүү чухал. Цаашлаад ухаалаг утас, компьютер ашиглан агаарын чанарын талаарх мэдээллийг өдөр тутам хэрхэн авах, бохирдуулагч бодисын хэмжээг аюулын түвшнээр нь яаж ангилж, “унших” вэ зэргийг мэдүүлэх нь ач холбогдолтой. Ядаж өнгөрсөн долоо хоногт агаарын чанар ямар байсныг танилцуулж болно шүү дээ. Статистик, үзүүлэлт бол бодит байдлыг ямар ч хачир чимэггүйгээр илчилдэг чухал баримт. Үүнийг албаны хүмүүс сайн мэдэж буй. Тэдэнд шаардлагатай статистик, үзүүлэлтүүд ч байгаа. Гэвч агаарын чанартай холбоотой ганц ч “тоо” хэлэхгүй байгаа нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, нуун дарагдуулж буй явдал гэж хардахад хүргэв.
Түүнчлэн зарим иргэн сайжруулсан түлшээ зөв түлж чаддаггүйн улмаас эрүүл мэнд, амиараа хохирч, агаарын бохирдолд “хувь нэмэр” оруулдаг гэсэн “мессеж”-ийг холбогдох байгууллагынхан цаг үргэлж өгсөөр байна. Өнгөрсөн даваа гарагт болсон мэдээллийн цагаар гэхэд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийж, агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулъя” хэмээн уриалж байх жишээтэй. Утаанаас салахын тулд түлэх түлшээ хүртэл төрөөр хянуулж, хэмжүүлж авч буй иргэд үүнээс өөрөөр яаж тус нэмэр болох билээ. Одоогийнхоос бага түлш хэрэглэ гэсэн үг үү. Эсвэл утаа, угаарын хий огт гаргахгүйгээр галла гэв үү. Үнэхээр ойлгомжгүй.
Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах хорооныхон “Түлшээ утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” гэсэн учир зүйн алдаатай, утгагүй уриалга бүхий сурталчилгааг телевиз, олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Эндээс мөн л иргэдийг буруутгах хандлага, өнгө аяс цухалзаж буй юм. Гэр хорооллын иргэд түлшээ ухаалаг хэрэглэж чадахгүй байгаа нь утаа ихсэх нэг шалтгаан болсон мэтээр ойлгуулж байна. Энэ нь цаагуураа “Агаарын бохирдол ихсэхэд та нар ч нөлөөлсөн шүү” гэсэн анхааруулга юм шиг сэтгэгдэл төрүүлэх аж. Ийм төлбөрт сурталчилгаа цацаж, гэр хорооллын айлуудын “зуух руу” өнгийхийн оронд түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь энэ цаг үед илүү хэрэгтэй байна. Гэр хорооллын захад, автобусны буудлаас хол, өндөрлөг газарт оршин суудаг иргэд түлшиндээ хүрэх гэж зовдог тухайгаа ярьж, асуудал дэвшүүлсээр удлаа. Төвлөрөл ихтэй зарим бүсэд түлш хүрэлцэхгүй иргэд одоо ч “зодолдсоор”, борлуулалтын цэг нь үд хүрэлгүй хаалгаа барьсаар. Нэг өрхөд долоо хоногт зургаагаас илүү шуудай түлш олгохгүй гэсэн амьдралгүй шийдвэрийн улмаас айлууд хөхөө өвлийн хүйтнээр гал алдаж, зутарч болзошгүй эрсдэлтэй учраад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ мэт тулгамдсан, хоолойд тулсан асуудлуудыг шийдвэл ихээхэн хэрэгтэй сэн.
Утаагүй, угааргүй хэрэглэе хэмээн уриалахын оронд түлшнийхээ чанар, найрлагад анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн судлаачид “Агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг зарим бодисын хэмжээ эрс ихэссэн нь түлшний найрлагад ордог бодистой холбоотой. Өвөл толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг шинж, зовуурь иргэдэд илэрч байгаа нь хүхэрлэг хий өмнөхөөс илүү хоруу чанартай болсны илрэл” гэж дүгнэсээр буй. Гэтэл “Тавантолгой түлш” компанийнхан “Бид түлшээ стандартын дагуу боловсруулдаг. Үйлдвэрлэлийн үе шатанд МХЕГ хяналт тавьдаг” гэж ам таглаж, өөрсдийгөө хаацайлсаар өнөөдрийг хүрсэн. Үнэндээ хотын өнөөдрийн нөхцөл байдал, агаарын бохирдолтой холбоотой статистик, үзүүлэлтийг харахаар сайжруулсан түлшний чанар, найрлагад ихээхэн эргэлзээ төрж байна. БОАЖЯ, МХЕГ, ЦУОШГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гол субъект болохынхоо хувьд нэг баг болон ажиллаж байна. Дээрээс нь тэд сайжруулсан түлшийг ийнхүү “сохроор” сурталчилж байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлэх боллоо.
Улаанбаатар хотын утаа энэ жил илт ихэссэн. Зарим нь үүнийг тээврийн хэрэгслийн тоо өссөнтэй холбож тайлбарлах боллоо. Нэг хэсэг нь түүхий нүүрсээр галладаг, өндөр хүчин чадал бүхий халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг үүнд буруутгаж буй. Эдгээр нь утаа ихсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл яавч биш. Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж үздэг. 400-500 мянган машин ийм хэмжээний хувь эзлэхээр хорт бодис ялгаруулдаг байхад 20-хон мянган тээврийн хэрэгсэл (өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт) агаарын бохирдлыг улаан түвшинд хүргэж дөнгөнө гэж үү. Тийм байх боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт, түүхий нүүрсээр галладаг аж ахуйн нэгж ноднин, уржнан ч байсан. Өнөө жил харин ч тоо нь эрс багассан. Агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлсэнтэй холбоотойгоор тэдгээр аж ахуйн нэгжийн заримыг нь төвлөрсөн дулаан хангамжид холбосон юм. Тэгэхээр халаалтын зуухнууд гол буруутан байж таарахгүй. Налайх, Багануурынхан хувь нэмэр оруулсан гэж үү. Тус бүсийнхэн өнгөрсөн жил ч түүхий нүүрстэй “нөхөрлөсөн” хэвээр байсан шүү дээ. Зарим нь түүхий нүүрс хулгайгаар түлэх зөрчил ихэссэн гэдэг таамаг дэвшүүлж магадгүй. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод энэ чиглэлийн хяналт шалгалт тогтмол хийж, орсон, гарсныг бүртгэж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн шүү дээ. Тэгвэл агаарын бохирдол ихсэхэд юу нөлөөлөв. Түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсийг өмнөх жилийнхээс тэлсэн байтал агаарын чанар яагаад улам муудав. Ингээд бодохоор сайжруулсан түлшнээс өөр хувилбар харагдахгүй нь. Ялангуяа агаар бохирдуулагч бодисын хэмжээ стандарт давж, хүний эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүргэх чадалтай зүйл гэвэл тэр л байна. Гэтэл холбогдох албаны хүмүүс нь утаа ихэссэнийг хүлээн зөвшөөрөхгүй, нөхцөл шалтгааныг нь тогтоохгүй, “Түлшээ утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” гэж уриалаад сууж буй нь хөөрхийлөлтэй. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Асуудалтай, үнэнтэй “нүүр тулж” байж л шаардлагатай, оновчтой арга хэмжээ авна шүү дээ, утаатай тэмцэгчид ээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл