Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ц.Б-ыг зодож амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцын гэм буруутай, эсэхийг дэнсэлж байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Базарханд, Д.Алтанжигүүр, Х.Одбаяр, улсын яллагч тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох, талийгаач байлдагчийн аав, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Д.Гялбуужамцын нэг үйлдлийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг нь өршөөн хэлтрүүлсэн байна. Тэрбээр талийгаачаас гадна өөр найман цэргийн алба хаагчийг зодож, цэргийн дүрмийн бус байдлаар харилцсан нь цагдаагийнхны шалгалтаар тогтоогдсон гэдэг.
Харин 2021 оны гуравдугаар сарын 28- ны үдэш зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Соёл, амралтын танхимд байлдагч Ц.Б-ыг зодсоны улмаас хүнд гэмтэж, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан үйлдэлд дэслэгч Д.Гялбуужамц гэм буруутай нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Улмаар нээлттэй хорих ангид 14 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэж ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх байранд уржигдар орой хүргэжээ.
Бэлтгэснэ Г.Равжаа