ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян энэ сарын 3-нд нас барсан алба хаагчийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр
"Онцгой байдлынхан гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэгтэй. Мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах үүрэгтэй юм. Энэ сарын 3-нд манай алба хаагч угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор байршуулсан сурталчилгааны самбарыг буулгах явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Онцгой байдлын байгууллагынхны зүгээс ар гэр, гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
Мөн эл хэрэгтэй холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар мэдээллээ. Тодруулбал, тухайн үед үүрэг өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, мөн самбар буулгах явцад ажиллаж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж буй учир, эцсийн дүгнэлт гартал албанаас түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Харин ар гэрийнхэнд нь Гамшгаас хамгаалах хуулийн 49.9-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.