Монгол Улсын Засгийн газраас зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх чиглэл өгсний дагуу ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаныхан уг ялыг эдлүүлэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа юм.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүмүүсийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэхэд гэр бүл, найз нөхөд, байгууллага, олон түмний оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэдээллийн технологи ашиглаж, цахим хэлбэрээр ял эдлүүлэх болсноор өртөг зардлыг ч бууруулан, иргэдийн амгалан тайван байдлыг ч хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гарах зэрэг нийгмийн эерэг үр дагавар бий болж, Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл авчирсан гэж болно. Энэ төрлийн ялыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1600 орчим ялтанд хяналт тавьж, 402-ынх нь ялыг эдлүүлж дуусгасан бөгөөд хяналтад байгаа хүмүүжигчдийн 52 хувь нь нийслэлд, 48 нь орон нутагт байгаа аж. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд ШШГЕГ-ын дэргэдэх Цахим хяналт, удирдлагын төв 24 цагийн турш хяналт тавьж буйгаас гадна аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс биечилсэн хяналт ч явуулж буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа