Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Ц.Б-ыг салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц зодож, аминд нь хүрсэн хэрэг 2021 оны гуравдугаар сарын 28-ны үдэш гарч, цэргийн анги, салбарт хүний эрхийн зөрчил байгаа гэдгийг олон нийтэд мэдрүүлсэн. Уг хэргийг үйлдсэн дэслэгч Д.Гялбуужамцад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр найз нартайгаа Биокомбинат дахь нэгэн дэлгүүрээс архи авч, ангийн байрлалын гадаа машинд уугаад, дахин нэг шил согтууруулах ундаа барьж харуулын байр луу орж хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар цэргүүдийг амарч байхад нь ангийнхаа Соёл, амралтын танхимд оруулан жагсааж, гар дээр нь суниалгах зэргээр дэглэн, “Шанаа даах хүн байна уу” хэмээн агсарч, талийгаач байлдагчийг зодсоныг бусад нь гэрчилсэн байдаг. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж дуусаад, тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Д.Гялбуужамцад тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн”, 10.1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр талийгаачаас гадна өөр найман алба хаагчийг зодож, цэргийн дүрмийн бус байдлаар харилцсан нь цагдаагийнхны шалгалтаар тогтоогдсон байдаг.
Түүгээр ч зогсохгүй Д.Гялбуужамцыг нэг бус удаа сахилгын зөрчил гаргаж, зэвсэгт хүчнээс халах тушаал гуравдугаар сарын эхээр боловсруулаад байсан ч Хуурай замын цэргийн командлалын удирдах албан тушаалтнууд уг төслийг нь буцааж, дахин боловсруулах үүрэг өгөөд байх үед уг дэслэгч ангидаа согтуу танхайрч, эцэстээ 2020 оны аравдугаар сард II ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй дүүргээс татагдсан хугацаат цэргийн албан хаагчийн аминд хүрснийг уншигчид санаж буй нь лавтай. Манай сонины дугаар шилжих мөчид Д.Гялбуужамцад холбогдох хэргийн шүүх хурал дуусаагүй байлаа.
Бэлтгэсэн Г.Равжаа