Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын дарга, сургалт, судалгаа хариуцсан менежер, өнгөрсөн зун “ДЦС-3” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан Ч.Чинбатад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2386 хэрэгт хяналт тавьж, 405-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тэдний дунд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 185, өмчлөх эрхийн эсрэг 134, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13, авлигын долоон хэрэг багтсан байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан долоон хэргийн нэг нь дээрх Ч.Чинбатад холбогдох үйлдэл аж.
Ч.Чинбат нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байхдаа 2017 оны есдүгээр сард 49.8 сая төгрөгийн өртөг бүхий токарийн болон фрейзерийн машин тус бүр нэгийг нийлүүлэх гэрээг хамаарал бүхий хүн буюу төрсөн дүүгийнхээ эхнэрийн аж ахуйн нэгжээс авсан. Дээрх төвийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний хөгжлийн төвийн гараашийн өргөтгөл барих ажил гүйцэтгэх гэрээг мөн хамаарал бүхий хүмүүсийнхээ аж ахуйн нэгжтэй байгуулсан. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогчдоо нөлөөлөн, тухайн аж ахуйн нэгж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад 255.9 сая төгрөг шилжүүлж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэрэгт түүнийг буруутгаж буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа