Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн дарга Я.Амаржаргалыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, бусдаас хахууль авсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сараас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд түүний албан өрөөнд нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Гэвч 24 цагийн дараа шүүгчийн захирамж гарч, түүнийг батлан даалтаар суллан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн билээ.
Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд түүний талаар “Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг ажиллаж байх үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон, улмаар нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 гаруй тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа” хэмээн мэдээлж буй. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр УХТЭ-ийн даргаар томилогдсоноос хойших эрх мэдлээ урвуулсан үйлдлүүдийг нь мөрдөн шалгаж байгаа аж.
Я.Амаржаргалыг эмнэлэгт нь эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг “Айвеко интернэйшнл” гэх компаниас 5-10 сая, нэг эмчийг ажилд авахдаа садан төрлийнхөө хүнээр дамжуулан багагүй хэмжээний мөнгө хахуульд авсан хэмээн буруутгаж буй юм билээ. Улмаар түүнийг яллагдагчаар тооцож, хилээр гарахыг нь хориглохоос гадна УХТЭ-ийн даргын албан үүргийг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх захирамж шүүгч гаргасан байна. Гэвч дээд шатны буюу тухайн шүүхийнх нь ерөнхий шүүгч захирамжийг нь хүчингүй болгож, УХТЭ-ийн эмнэлгийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэж, хилээр гаргахыг нь хориглосон захирамжийг хэвээр үлдээжээ.
Ерөнхий шүүгч ийм захирамж гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хэмжээний саад учруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх ажилд шүүгч саад болж байна гэхэд ч хилсдэхгүй нь. Учир нь УХТЭ-ээс ямар нэг бичиг баримт гаргуулахаар хууль сахиулах байгууллагаас албан тоот хүргүүлэхэд тус эмнэлгийн даргын зөвшөөрлөөр, түүний гарын үсгийг авч АТГ-т ирүүлнэ. Гэтэл өөрийнхөө гэм буруутай, эсэхийг шалгуулж буй хүн хууль сахиулах байгууллагаас гаргуулахаар хандсан бичиг баримтыг тийм амархан гаргаж өгөх үү.
Бэлтгэсэн Г.Равжаа