ОБЕГ-ын харьяа, Хөвсгөл дэх Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, “Ану булаг” ХХК-ийн захирал Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан шийдвэрлэжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 15-18-нд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт холбогдсон албан тушаалтнууд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх санал прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн юм байна. Хүсэлтийнх нь дагуу шүүх дээрх хоёр хүнд холбогдох эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хассан байна. Харин “Ану булаг” ХХК-ийн захирал Л.Батнямыг гурван сая төгрөгөөр торгож, нийтийн албанд хоёр жил ажиллуулахгүй байх ял оноожээ.
Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс тус салбарт 200 сая төгрөгөөр өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан юм байна. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд тус компанийн захирал Л.Батнямын гэргийн данснаас өөрийнхөө эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар 30 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Хэргийг нь илрүүлэн шалгаж байх үед Д.Түвшинтөгс, Л.Батням нараас хахуульд авсан 30 сая төгрөгийг гаргуулан битүүмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр улсын орлогод шилжүүлэхээр болсон байна.
Бэлтгэсэн Г.Равжаа