Монгол Улсад хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж эхлээд нэгэн жарныг үдэж, дараагийн 60 жилийн босгон дээр ирлээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн баялаг туршлагаа улам арвижуулах, залгамж халаа болгон үргэлжлүүлэх ажлуудынхаа зэрэгцээ ХСҮТ-ийн хамт олон дэлхийн түвшний техник, технологиудыг нэвтрүүлэх, нутагшуулахаар санасан, сэдсэн зүйл арвинтайгаар түүхт ойгоо угтаж байна. Өнгөрсөн жарны хугацаанд Монгол Улсад хорт хавдрын тусламж,үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хэрхэн хэрэгжиж, нийгмийн эрүүл мэндийн манаанд хэрхэн зогсож ирснийг түүхэн товчооноор өгүүлье.
ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны мэдээллийн дагуу энэхүү түүхэн товчоог бэлтгэв
1961
Хотын III больницын поликлиникт 7 хоногт 2 удаа 2 цагаар онкологийн үзлэг хийх кабинет байгуулж, умайн өмөн үү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт таних зорилгоор 18- аас дээш насны эмэгтэйчүүдийг жилд 1-2 удаа үзлэгт тогтмол хамруулах болов. 12.25-нд Мэс засал, эмэгтэйчүүд, туяа эмчилгээний 45 ортой, Улсын цацраг туяа эмнэлэг байгуулав. Үүнд монгол 5, ЗХУ-ын 4 эмч, мэргэжилтэн ажилласнаар Монгол Улсад хавдар судлалын алба үүссэн.
1968
Хавдар судлалын хөдөлгөөнт байнгын бригад бий болж, эрт илрүүлэх ажил эхлүүлсэн нь урьдчилан сэргийлэх суурь байлаа.
1971
Хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бүртгэх журам баталснаар энэ салбарын бүртгэлийн хөрс тавигдав.
1981
200 ортой Улсын хавдар судлалын төв байгуулж, сургалт, эрдэм шинжилгээ эрхлэх, лавлагаа тусламж үзүүлэх төв болгон өргөжүүлжээ.
1982
Аймаг, хот, районд хавдрын кабинет байгууллаа.
1997
Монгол Улс Хорт хавдартай тэмцэх үндэсний анхны хөтөлбөртэй болов.
2005
Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний анхны хөтөлбөр баталж, хэрэгжүүлсэн.
2007
Хавдар судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн баталснаар төрөлжсөн, мэргэжлийн лавлагааны төв болж өргөжив. Орон нутагт хавдрын хими эмчилгээ хийх журам баталлаа.
2008
Хорт хавдраас сэргийлэх, хянах 2008-2013 оны дэд хөтөлбөр баталж, амжилттай хэрэгжүүлсэн.
2010
Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүн амын тооноос хамаарч 10-15 ортой хавдрын тасаг байгуулж эхэлсэн.
2011
Умайн хүзүү, хөхний өмөнгийн эмнэл зүйн удирдамж баталж, эрт илрүүлгийн тогтолцооны суурийг тавилаа.
2012
Умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг, эргэн дуудах тогтолцооны болон хорт хавдрыг бүртгэх удирдамж баталлаа.
Эрт илрүүлгийн үзлэгийг бүртгэх маягт, мэдээний урсгал, бүртгэлийн www. screening.gov.mn програм хангамжийг нэвтрүүлсэн. Үндэсний хэмжээнд хүн амд суурилсан хавдрын бүртгэлийн тогтолцоог амжилттай бүрдүүлсэн.
2014
Амьдралын буруу хэвшилтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр баталснаар хорт хавдраас сэргийлэх, хянах ажлыг 2014-2017 он хүртэл хэрэгжүүлсэн. Хорт хавдрын бүртгэлийн CANREG-MON програм хангамжийг нэвтрүүлэв.
2016
Хорт хавдрын мэс засалд шаардагдах өндөр өртөгтэй эмнэлгийн зарим хэрэгслийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр заав. Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт 2016-2030 онд хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай зорилтыг дэвшүүлэв. Хорт хавдрын эрт илрүүлэг тогтолцоог бүрдүүлэх замаар элэг, умайн хүзүү, хөхний хорт хавдрын нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсний үр дүнд эрт үе шатандаа илрэх хувь 59.3 болж үүний хэрээр амьдрах хугацаа нэмэгдэв.
2017
“Элэг бүтэн Монгол 2017-2020” үндэсний хөтөлбөр баталж, хепатит С, В вирусийн эмчилгээ нэвтрүүлж, эмчилгээний болон шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн.
“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026” баталж, нотолгоонд суурилсан шинэ технологи нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохистой тогтолцоо бүрдүүлэх, монгол хүний дундаж наслалтыг уртасгах урт хугацааны зорилт дэвшүүлэв.
2026 он гэхэд 10 000 хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтыг 9.0 промиль хүртэл бууруулах, умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэн нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
2018
Элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг БНСУ-ын “Самсунг” зөвлөх багийнхантай амжилттай хийсэн нь энэ төрлийн хагалгааг нутагшуулах эхлэл байлаа. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах багийнхан 41 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна.
Умайн хүзүүн хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах НҮБ-ын хамтарсан “Глобал” хөтөлбөр 2018-2021”-ийг хэрэгжүүлж байна. Хавдрын эрт илрүүлэг, үзлэгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн.
2019
Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг оношилгооны тухай нэмэлт, өөрчлөлт оруулав.
2020
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээний
зардлыг ЭМД-ын сангаас хариуцах тухай нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу хэрэгжиж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
Хавдрын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх, “ХСҮТ-2” салбар эмнэлэг байгуулахаар шийдвэрлэв.
Умайн хүзүүн хорт хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтыг цогцоор нь шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.
Засгийн газрын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод монгол хүний эрүүл мэндийг хамгаалах асуудлыг цогцоор нь шийдэх зорилтууд дэвшүүлж, үүний хүрээнд хорт хавдраас сэргийлэх, хянах ажил төлөвлөн хэрэгжүүлж байна
2021
Төлбөрийн журам батлав. Ингэснээр хорт хавдрын мэс засал, туяа, хими, бай эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцаж байна. Хавдрын эсрэг арга хэмжээний 2021-2024 оны төлөвлөгөө баталж, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тогтолцоо бүрдүүлэх, тусламж, үйлчилгээг тэлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, хавдрын бүртгэл, тандалт, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг асуудлыг цогцоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна.