Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлсэн шалтгаанаар хойшлуулав. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хэдэнтээ хойшилж буй. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 4, мөн 18-ны өдрүүдэд хойшлуулж байсан юм.
Эргэн сануулахад, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Тодорхой хэлбэл, Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь уг гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Д.Батбаяр тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг. Улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс Д.Батбаяр нарт төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгож, их хэмжээний мөнгө өгсөн аж. Харин Д.Батбаяр нар бичгээр өгсөн амлалт, баталгаануудаа хэрэгжүүлээгүй гэдэг.