Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 514 хэрэг шалгагдаж байна.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авсан Д, барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан Ж, хийгдээгүй ажлын төлбөрийг хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа завшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан О нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.